Tuesday, May 24, 2011

Whiskey Tango Foxtrot!


Жи Ай Жэйнь (G.I.Jane) гэдэг кинонд Дэми Моори АНУ-н усан цэргийн тусгай баг (NAVY SEALS) бэлтгэх сургалтанд тэнцэж байгаагаар эхлэдэг. Тэрээр хэдэн долоо хоногийн турш итгэхэд бэрх хүнд сургалтыг өөрийн хатуу итгэл, бууж өгөхгүй гэсэн тэвчээрийн хүчээр хэрхэн давж байгааг кино харуулах бөгөөд Дэми Моори NAVY SEALS-н анхны эмэгтэй төгсөгч болж байгаагаар үйл явдал төгсдөг. Дурын дурак, баргийн "баагийгийн" давахгүй NAVY SEAL-г бэлтгэх сургалтыг давснаар яадаг юм бол гэсэн асуулт эндээс үлддэг юм. Тэгвэл "SEAL: Team Six" гэдэг ном цаашаа ямар хувь заяа хүлээж болдог талаар маш тод өгүүлнэ.
Би АНУ-д байхдаа Navy Seal-н талаар цөөнгүй сонсдог байлаа. Манай завьны багийн ахлагч залуу тэдний нэгтэй танилцаж, гадуур бэлтгэл хийж хамт гүйсэн аж. Тэгсэн манай ахлагчтай гүйж байхдаа NAVY SEALS хэрхэн бэлтгэдэг талаар ярьж өгчээ. Тэдний хийсэн бэлтгэлийг сонсохоор кинон дээр гардгаас ч илүү бэлтгэл хийж, дэлгэцэн дээр харуулж байгаагаас ч илүү хатан зориг шаарддаг санагдаж байсан билээ. Анх NAVY SEALS-н гишүүн болоход "Тамын 7 хоног"-г давах ёстой бөгөөд энэ тамын 7 хоногт юу болж өнгөрдгийг дээрх номны хуудаснаас та уншиж болно.
Миний хувьд их сургууль долоо хоногтоо зургаан удаа, өдөрт 2-3 цагийг зөвхөн завьны бэлтгэлд зориулж, гол дээр сэлүүрдэж байхдаа багагүй хэмжээний "зовлон" амсч бага ч болтугай хат суусан хүн гэж өөрийгөө боддог байж. Гэтэл энэ номыг уншаад миний мэдэрсэн тэр "өвдөлт", "ядралт", "буулт" бүхэн эдгээр залуусын туулж өнгөрүүлсэнтэй харьцуулахад өчүүхэн төдий зүйл аж. Мэдээж АНУ-н хамгийн шилдэг гэсэн залуус NAVY SEALS болдог бөгөөд тэр дундаа хамгийн онцгой гэсэн нь 6 дугаар багт харьяалагддаг юм байна. Тэгвэл шилдэгийн шилдэг залуус юунд ингэтлээ бэлдэнэ вэ?
Уг багтай амь амьдарлаа холбосон Хорвард Васдин-ны түүхийг унших зуур олон operation буюу даалгаварт ажиллагааг хийж байсан гарах бөгөөд түүний дунд 1993 онд Сомалиа-д болсон багахан оврын "байлдаан"-д хэрхэн оролцсон талаар ой тойнд буутал өгүүлнэ. Хэрвээ та энэ хэсгийг унших гэж байгаа бол "Black Hawk Down" гэдэг кинотой хослуулвал Сомалиа-д буюу нийслэл Могадишү-д байдал ямар байсныг тодоор төсөөлж чадна. Би 9-н жилийн өмнө энэ киног үзсэн ч гэлээ уг номыг унших явцдаа нахиж нэг үзэж, бодит байдал ямар байсныг илүү тодоор төсөөлөхийг оролдсон билээ.
Энэ тулалдааны үеэр Ховард Васдин Могадишү-н үхэл ханхалсан гудамжинд амь тэмцэн тулалдаж, тэнд бараг л амиа алдах шахжээ. Азаар тэрээр Могадишү-с амьд үлдсэн боловч түүнтэй хамт тулалдсан 18 Америк цэрэг нас барсан юм. Ингээд хүнд бэртэлтэй Васдин Германд мэс засалд орж, арай л хөлөө тайруулчилгүй мултарсан байна. Гэвч түүний эхнэр өнгөт арьстаны хүүхдийг төрүүлж, тэрээр БУУДУУЛСАН Ч ҮХЭХГҮЙ БАЙЛДАЖ чадна гэсэн итгэлээ алдаж, нэг ёсны хямралд ороод, сэтгэл санаагаар унана. Мэдээж энэ бүх давааг давсан, бусдаас үргэлж илүү хол, илүү удаан тэсэж, илүү хөлс асгаруулж байсны хувьд түүний итгэл үнэмшил түүнийг бурхан болсон мэт өөрийгөө бодоход хүргэсэн байна. Тэгвэл энэ өндөрөөс унаж, эгэл хүний төрхөн буцаж орохоор хүний сэтгэл санаа ямар болохыг бас харуулжээ.
Хэрвээ та буруу зүйл хийгээгүй, нүгэл үйлдээгүй байтал бүх зүйл болохоо болиод эхлэвэл яах вэ? Хүн хэдий хат суусан ч гэсэн, хэдий зовлон үзсэн ч гэсэн, хэдий шилдгийн шилдэг ч гэсэн амьдрал түүний замыг зовлон бэрхшээлээр дүүргээд ирэхээр ямар ч хүн ЯАГААД БИ ГЭЖ гэсэн асуултыг тавьдаг гэдгийг бас эндээс олж харна. Гэвч нэгэнт бурхан гэж байдаггүй болохоор ЯАГААД БИ ГЭЖ? ЯАГААД НАДАД ИЙМ АСУУДАЛ тохиолдох ёстой вэ гэж асуух нь нөхцөл байдалтай тохирохгүй гэдгийг би өөрийн амьдралаас мэднэ л дээ. Би ч гэсэн тэгж асууж л байсан юм. Гэвч ийм нөхцөлд хамгийн зөв асуулт бол энэ нөхцөл байдлаас хамгийн бага хохиролтойгоор яаж гарах вэ гэсэн асуулт гэж би ойлгосон. "Black Hawk Down" кинонд нэг цэрэг онгоцноос унаад хүнд бэртэл авч нэг цэрэг цус алдаад нас бардаг. Тэднийг хариуцсан түрүүч яагаад эд нар үхэх ёстой гэж, яагаад гэж өөр өөрөөсөө асууж, хариултыг нэхсэн харцаар ойр тойрноо ширтдэг. Түүнд Хүүт гэх Делта багийн залуу "See you're thinking. Don't. 'Cause Sergeant, you can't control who gets hit or who doesn't or who falls out of a chopper or why. It ain't up to you. It's just war" гэж хэлдэг юм. Харин хүний амьдралд түүний ойр тойронд нөхцөлгүй олон үмхий туйпуу тэнгэрээс унаад, толгойдоо хэд сайхан хусуулахаар бас л яг ингэж боддог эхэлдэг. Тэгвэл тэр тэнгэрээс унах туйпууг бид хэзээ хаана унах вэ гэдгийг хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ биднээс хамаарах зүйл биш. Хуссууллаа бослоо, хусууллаа бослоо. Босож чадахгүй нь хүний хувьслын эргүүлэгт үүрд мартагдана. Энэ бол амьдрал. Харин босож чадсан нь бамбарыг цаашаа авч явдаг жамтай. Уг ном санасныг бодвол их сайхан аз жаргалтай төгсдөг.

Хэрвээ та өвдөлт гэж юу байдгийг мэддэг бол, хэрвээ та хүн өөрийн хязгаартаа хүрч чинагш зүтгэх эрч хүч байхгүй болно гэж юу байдгийг гадарладаг бол энэ ном гарцаагүй таалагдана гэдэг итгэлтэй байна. Жи Ай Жэйнь-д гардаг ахлах түрүүч Жон Жэйнь-д Лауранс-с авсан ишлэлийг номны завсар хавчуулж өгдөг санагдаж байна. “I never saw a wild thing sorry for itself. A small bird will drop frozen dead from a bough without ever having felt sorry for itself.”
I think we can do better than the wild thing, or at least equal!