Wednesday, September 24, 2008

Ego fall apart

Things fall apart гэж Chinua Achebe-н бичсэн нэгэн ном байдаг билээ. Энэ номыг "юм унасан нь" гэж орчуулвал чөтгөр битгий хэл бурхан ч намайг харааж мэдэхээр бүдүүлэг хэрэг болох биз. Тэгвэл энэ удаад уг номны болон зохиол дээр энэхүү овог отогийн дэг журам болоод соёл иргэншил нь хэрхэн унаж буй талаар бус, харин би гээч хувь хүний бодол санааг тэргүүлэн явагч эго гуай хэрхэн тэнгэрийн орноос чөлөөт уналтаар доошилон, газар дээр ч тогтолгүй тэр хурдаараа шууд далай доор орсныг цухас танилцуулж орхивод миний бие дараа нь энэхүү постыг өөрийн биеэр уншихад ихэд таашаал авах буй за хэмээн бодончирлон кийборд нүдэж хурууг чилээв.

Нэгэн цагт миний эго их усны амьтан болох далайн халимны баасанд дарагдан далайн ёроол доор хэвтэх мэтээр төсөөлөн, тухайн халимны халуун б**сан доор дулаацаж байсан цаг саяхан авч, би бээр нэгэн зүйлийг хоёрдолмол санаагүйгээр олон хоногоор хойно урид нь орж хөөцөлдөж, дээр доор нь бөөцгөнөх явцад нижгээд зүйл тохиолдосоноос цухас дурьдвал нилээн хэдэн нэхий дээл урагдаж нэгийг биш хоёр гурвыг үзэн, эх барьсан хэмээх орон, ажил болсон хэмээх хөнжилд хөрвөөх шанс түм бумаар ундран энэхэн хавьдаа л хурган мэргэжилтэн болж бондойгойтохлоо гэж хөөрцөглөв. Улмаар нуруун дээр дарж байсан халимны үмхий байтугай элдэв бусын юмнууд алга болсноор хөнгөрч, бие минь тавирч ухаан санаа уужирч, метафорик хэлбэрээр фантазлан хэлвээс миний эго чинь уснаас хөвж гарах байтугай нисч гаран, газар дээр тогтолгүйгээр дүүлэн, тэнгэр өөд цойлсон нь цаад утгаараа өөрийгөө ихэд "юм" мэддэгт тооцосонтой холбоотой бөгөөд эргэн тойронд хүрээлэн буй эгэл жирийн ардыг болон шар хадны галзуу болгоныг доороос биш дээрээс харж эхэлснээр 99-н тэнгэрийн дээд тэнгэрт урилгагүйгээр залрах эхлэлийг тависан байжухой. Үр дүнд нь миний билгийн гэсэн шошготой тархины арын шүүгээнд байдаг "нүд" ажил цэнгэл хоёроо ялгаж чадахаа байтлаа харанхуйлж, элдэв бусын зүйлсийг хутгаж дээд тэнгэр хавиар бужигнуулж, тэнд ургадаг бурхан модны шидэт үрэл бүрийг нь жанрайсэг-с булаан цөм цохин ходоодлохоо шахав. Ашгүй сая боломж гарч, аваргын аварга цолтой аваргуудтай гадагад орон руу жолоо залан уулзаж учирснаар даваа цаана даваа байдгийг эго минь эргэн ухааран тайван замаар цагаан тугаа өргөн буулт хийж, ухамсраараа буцаад халим агсны юуны доор гасланхан шургав бололтой. Энд нь хэсэг хугацаанд гадаслан үлдээхгүй бол гарж гүйчих гээд бас л зовлонтой хог байна шүү гэж эго чамдаа учирлан хэлэх юун. Одоо ч хамар амгүй ажлаар балбаж, нүх сүв бүрээр нь номны хуудас чихээд ирэхээр бүр чи минь цаашаагаа гүнзгий шургануу гэхээс хөвж гарч ирнэ ч гэдэг нэг хэсэгтээ л гонжийн жоо болох буй за.
ум маани бадми ЭГО сухаа

Monday, September 22, 2008

Гялс 3, 4 дахь нь үнэгүй.

Гялс уншихаар 3-н номыг гялс санал болгооч гэвэл доорх гурвыг гялс хэлж өгөх юм байна. Ингээд гялс 3-г жагсааваас:
1. Jonathan Livingston Seagull
2. Siddartha
3. Алтан загасны үлгэр

Эдгээр номыг уншихаар хувхайрсан царайнд гэрэл гийж, шархдсан зүрхнээс цус алдах нь багасна хэмээн хэн нэг нь хэлэх л байсан байхдаа. За тэгээд эдгээр гурван номыг бие засахдаа авч орж уншиж суугаад "хүү хаадаж" дуусахаасаа өмнө номнуудаа уншаад дуусчихвал дүүгээ дуудаж том өрөөнөөс Kahlil Gibran-ны "Prophet" гэсэн тун жижиг номыг авчруулж уншимж гэснээс нөгөө Гүүглийн Сергей ах маань блог нээсэн байжухой. Сергей блог (энд дар

Сая Стокхолмын ганц хоёр номын дэлгүүрээр хэсэж 4-н ном авч нилээд хэд хонох ёстой хоолны мөнгөнөөсөө гайгүй сайн гөвүүлсэн тул авчирсан мөнгөө бүгдийг нь авч гараагүйдээ тэрхэн зуураа баярлаж, гялгар уутанд хийсэн номоо үе үе имрэн хотын гудамжаар хотел руугаа алхав. За тэгээд сая 49-н чулуу татсан чинь Конфи хүү хүний нутгаас буцаж нисэхээс өмнө нэмж ганц ном авбал тэр нь "The power and the plenty" байх боловуу гэж, харин нэмж ганц юм авбал тэр нь "Absolute" байх боловуу гэж тус тус бууж байна. Энэ таамаг үнэн болвоос аавын хүү нутаг буцсан хойно уг тархи мину бага ч болтугай ухаан сууж, хэдэн эснүүд нь 40-н градусын халуунд муужран унах нээ. Нэрээ санснаас миний муу нутаг ч их халуун градустай нутаг шүү. Тиймээ хө?

Өнөөдөр авсан номнууд гэвэл:
1. Hariki Murakami and the Music of Words. Харику ахын Kafka on the Shore гэсэн номыг нь "сонсож" уншсанаас хойш энэ товаришийн номыг их сонирхдог болж, улмаар хэд хэдэн номыг нь богино өгүүлэлтэй нь авчихаад байгаа. Тиймээс намтарыг нь уншваас дараа нь бичсэн номыг нь уншихад арай харах өнцөг болоод мэдрэх үелзэл таарах боловуу гэсэн хальт бодлын гал ассан учир энэхүү номыг авсан болно.

2. The Audacity of Hope гэсэн Барак Обама ахынхаа бичсэн номыг нь авав. Цалин буухаар цадахад чинь 20 төгрөг хандивлана гэсэн бат итгэл төрсөн бөгөөд ямар "баагий"-д хандив өгч байгаагаа тархины угаас ойлгож, сэтгэл зүрх болоод хамрын үс, нүдний цөцгий зэрэг бүхий л эрхтэн, эрхтэнгийн эд анги бүрээр мэдрэх гэсэндээ авав. Тиймээ чи шүү Обама, цаад хүүхнүүдээ баракдаарай хөгшөөн! (Yeah go go Obama! Barack them all night yo!)

3. The undercover economist гэж Тим Харфордын бичсэн ном. Яс юман дээр блог-г нь хааяа харж, өгүүлэгийг нь хааяа уншдаг болохоор татганаж татганаж авав гэснээс гурван ном авахаар 1 үнэгүй гэсэн шүү. Тэгэхээр нь 4 дэхийг нь хусцан.

4. Love in the time of Cholera гэж нөгөө агуу Маркез-н ном ш дээ. Надад байгаа л даа, даанч ийм номыг барьж суувал илүү тачяадан уншин таашаал авах буй за гэж их багш Тансаг айлдлуу яалаа. Тэгээд л paperback-р уншсугай гэсэн шийдвэрийг жижиг тархины том нугалааснаас гялс сугалан гаргаж ирснээр уг номыг лангуунаас ховх татан өөрийн болгон эдэлсэн нь түүх энэ ажгуу гээд энэ түүх үгээр төгсөхгүйг төгсгөхөөсөө өмнөх төгсөлтөн дээр төгсгөлгүйгээр хэльюу.

Төгсөв.

Thursday, September 18, 2008

Утаа айсуй, юу бодож байна?


Монголын сайхан орон маань дөрвөн нарлаг улиралтай билээ. Ган болж дуусангууд галуу шувуу буцаж үерийн улиралтай хальт золгоод л шууд л утааны улирал эхэлдэг юм. Утааны улиралд угаартан угаартан унаж туссаар шинэ хуучин "шинэ" жилүүд өнгөрч, аргын бэлгийн тооллын онууд эхлэн одоо л нэг яргуй цэцэглэх нь дээ гээд сууж байтал шороон шуурга нь нүд амгүй балбаснаар шорооны улирал эхэлдэг билээ. Шуурсаар шуурсаар саарал царай гүнзгий саарал болж, арьсан дээр шинэ давхрага тогтохын алдад нэг муу нар гарч гангийн улирал эхлэн газар дэлхий, гандсан арьсыг нэг амраадаг жамтай. Тиймээ энэ бол өнөгийн дүр зураг биш гэжүү?

Утааны улирал
Өвлийн улирал утааны улирал болсоныг Монгол хүн бүгдээрээ биш юмаа гэхэд УБ-таа амьдарч байгаа аваргууд хэлүүлэлтгүй хамар ам, уушиг зүрх за тэгээд цаашилбал бөгс бөөрөөрөө мэдэрсэн нь илт. Тиймээс ч энэ газар шороонтой түр хугацаагаар биш удаан хугацаагаар амьдарлын жолоогоо нэгтгэх хүмүүс нь энэ талаар болж өгвөл л байнга зүрхээ цохилуулж тархиа гашилгах хэрэгтэй гэж мину бие бодож байна. Сая Экономист-с нэг өгүүлэл (энд байна) уншаад суужийхнаа, өгүүлэл маань энэ дэлхий дээр чинь юм хөгжиж, цаашлаад жинхэнэ үр нөлөө багатай амьдрах аргууд нээгдэж байгааг харуулсан байна. Байшингаа цонхлох цонх нь хүртэл хорт туяаг багасгаж, өрөөнүүд нь хоорондоо агаар алдах нөхцөл бага гээд үнэхээр дээд зэргээр тоноглогджээ. Манайхан чинь нэг байшин барьж байна гээд бижигхэн муурын байшингаа ёстой нэг нэвт шувт салхилмаар барьж дээврээ ний нуугүй хэлэхэд хар цаасаар бүрдэг билээ. Харин доторхыг нь засч байхдаа хүний биед хортой хоргүй гээд будаг шунхнаас авахуулаад буйдан муйдан тавьсан байдаг нь хэзээ хэнийг ч хордуулаад байгаа нь бүү мэд. За тэрийг ч тааж барамгүй юм гэхэд өвөл чинь ёстой л байнга нүүрсээр угжиж байхгүй л бол дулаанаа хадгалах тооцоогүй барьсан барилга чинь ханаараа, цонхоороо бас болж өгвөл дээврээрээ дулаан алдаж дотор нь амьд хүн биш, үхсэн хүн амьдармаар морги болно шүү дээ.
Цаашилбал тэгээд гэрэлтүүлэг орно. Монголд ч бас Compact fluorescents нилээд хэрэглээд байгаа ч гэсэн бүгд энд шилжиж чадаагүй л байна. Энэ төрлийн гэрлийн шил нь энгийн бидний мэдэх гэрлийн шилтэй харьцуулахад гурав дахин бага цахилгаан хэрэглэж ижил хэмжээний гэрлийг гаргадаг аж. (эндээс хар)

Ингээд ирэхээр чинь энэ өгүүлэл дээр гардаг байшин бол энерги зарцуулалтын хувиараа 100км-т 4 литр иддэг, харин бидний ихэнхийн суудаг гэр болон байшин нь 14 иддэг машин болж хувираад, нефть цахилгаан өсч байгаа өнөө үед ёстой зогсоо зайгүй биднийхээ хармааг сэгснэнэ шүү дээ. Ингээд зүгээр ч сэгсэрчихгүй, мөрөөрөө явжийсан хэдийгээ угаартуулж сэгсрээд байхаар чинь энд би шударга ёс энэ тэрээ гээд яриад яахав, явж явж бүгдээрээ л цагаасаа эрт умаахум болчих гээд байх юм.

Эцсийн эцэст энэ бүхэн төрийн бодлоготой нягт уялдаатай. Утааг хэрхэн дарах талаар төрийн зохистой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэх гэдэгтээ би шууд төрөөс оролцоод гэрүүдийг нураан шилжүүлээд, аль эсвэл нүүрс оруулахыг нь зогсоогоод бүр эсвэл "утаагүй" гэх хошгоруулсан нүүрс үйлдвэрлэх аль алийг нь би хэлээгүй. Тэгээд юуг хэлж байна вэ гэвэл хуулийн үүднээс нааштай болоод санхүүгийн үүднээс дэмжсэн - заавал татаасаар бус, харин татварын хөнгөн бодлогоор хангаж өгөхийг л би хэлэх гээд байгаа юм. Даанч эд нарын байж байгааг харвал ирээдүйн 4-н жилд бол хорт утааны багаа л сайн базаасан нь дээр харагднам. Тиймээс элдэвийн хөгжил хөтөлбөр энд ч яриад яахав дээ, ингэсгээд орхисон нь дээр юм шиг.

Wednesday, September 17, 2008

Эргэн орохуу болихуу... за за мансуурая.


Өмнөх бичлэгийг 6-н сард бичиж байсан санагдана, гэхдээ өчигдөр тавьсан юм. Одоо харахад өөрийнхөө залхуу чанарыг хэрхэн хогийг хивсэн доогуур нууцаар шүүрдэж хийдэг шиг нуух вэ гэсэндээ өнгөрснөө эргэн санасан юм шиг. Нөгөө талаас ерөөсөө ум хум гүйцэлдүүлж, өдөртөө ажил төрөл хичээл ном, бэлтгэл сургууль гээд хийж буй зүйлийнхээ талаар огт бодож амждаггүй байсан учраас одоо л өнгөрснөө харж дүгнэлт хийн, альваа алдаан дээрээ түшин босох ирээдүйн их ажлаа төлөвлөх нэгээхэн цаг хугацаа гарч ирсэн ч юм шиг. Зүйрлэвээс маратонд гүйгч гараанаас хурдтай гарснаас болоод сэтгэл санаа нь биеэ гүйцэхгүй байсан болохоор дунд нь амсхийн, сэтгэл санаагаа бага ч гэсэн хүлээсэн гэхүүдээ.
За аль нь ч байлаа гэсэн бүтэн жил өдрийн 7-н цагийн нойртой явсан нь гарцаагүй үнэн. Энэнээс илүү аз жаргал байдаг гэдэгт нэг хэсэг итгэж өгөхгүй явлаа шүү дээ. Тэр үед ямар ч байрлалд, хаана ч хэдийд ч унтахад бэлэн явдаг байж билээ. Арай л хичээлийн дундуур нойл явж тэр дотор нь орж бие засах зуураа зүйрмэглэдэггүй л байв. Гэхдээ тун дөхсөн шүү.

Одоо ингээд бодоод байхнээ ерөөсөө өнгөрсөн амьдрал биш харин ирээдүйд хийх ажлууд байнга боддогдог болчиж. Зайлуул өөрийгөө "хүчирхийлэх" цаг нь болсийм болуу даа. Хаана ч ямар ч байрлалд нам явах хуваарьтаа эргэн орохуу эсвэл болихуу? ххмммммм.

Доорх дуу бол бас л тасарцан дуу л даа. Нэг л цаанаа утгын уянгыг эгшиглүүлж, сэтгэлд зүрхэнд зогссон цагийг хөдөлгөөд байгаатай адил мэдрэмжийг төрүүлэх тул оюун бодолд "цаг хугацааг нэгэнт алдах тул утга учиртайгаар гарын салаагаар урсгаюу" гэсэн бодол орж, бие сэтгэл төвчигнөн, би бээр хэсэгтээ балайрах аж. Ийнхүү өөрийн бүтээсэн орчлон ертөнцөөс хэсэгтээ жингүйдэн салснаа гэнэт ухааран өөрийнхөө эрүүл бусыг эргэн гайхширч, практик гэсэн түмпэнтэй хүйтэн усанд төвчигнөсөн толгойгоо хэд хэд дүрж аван, оюун ухаанаа эрүүлжүүлнэ. Гэхдээ сэтгэл хөдлөл гээч хар тамхи байсан цагт үе үеийн жингүйдэл арилалгүй оршино гэдгийг Конфи миний бие эрх биш мэдээд байгаамаа. Харин энэ муу хар тамхийг зөв зүгт нь чиглүүлэх аваас хүрэх газраа "хүчиндэж" биш харин хүч хэрэглэлгүй өөрийгөө аваачина гэхээр нөгөө бензин дуусч, хамраараа газар шаасан эвгүй мөчүүдэд мотор маань энэ сайхан эдээр чинь ашигт үйлийн коефцент 100 хувьтай шааригдах юм шиг санагдаад байгаа юм. Учир иймд хужир тиймд, ер нь уг хар тамхийг татаж байваас зохистой. Алив наад дуугаа тоглуул, бага зэрэг жингүйдэнгээ сэтгэл хөдлөл гэгч тамхинд мансуурая.

Tuesday, September 16, 2008

Бодолд эргэлдсээр

Зуны халуу орж, хавар цаг дуусах болжээ. Сар гаруйн дараа миний Монголд ирсний 1 жилийн ой болох гэж байна. Жилийн хугацаанд би гэж этгээд нилээд өөрчлөгдөн, өөрчлөгдсөн "би"-н нүдээр өөрийгөө нэг харлаа. Ирсэн зорилго, хүссэн зүйлийн хойноос хөөн, хамаг анхаарлаа зөвхөн үүнд л хандуулснаас болж цаг хугацааг үнэхээр алдаж орхиж. Бүхэл бүтэн жил өнгөрсөн байна шүү дээ!!!
Зорьсон зорилгодоо хар нүх руу унаж буй мэт татагдан явахадаа өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, яах гэж яваагаа ч энэ зуур мартах шахжээ. Урьдах ажилдаа улааран дайрах миний хүсэлийн хөлд бие гээч зүйл чирэгдэж ханиад томуу, хоолны хордлого тусангаа царай алдан хөгширсөөр. Урьдах ажил, түүний дараагаар ургах ажил гээд хийх ажил шороон түмэн бий. Гэтэл энэ бүхнийг зүгээр л "ЭР ХҮН" болох гэж хийж байгаамуу гэсэн нэгэн асуулт өнөөдөр миний толгойд ойж буун би гэж хүн лантуугаар цохиулсан мэт цочирдон, ухамсар маань ухаан алдан унахаа дөхөв.

Намайг коллеж-д байхад манай завьныхан бүгл л усан дээр хэн хурдан завьтайгаа явж чадна тэр л ёстой "ЭР ХҮН" мөн шүү гэсэн ойлголтыг үл-ухамсарын төвшинд авсан байсан. Бэлтгэл л биднийг усан дээр хурдан сэлүүрдэж чаддаг болгодог учраас бидний хувьд бэлтгэлээ таслана гэдэг нэг ёсны гэмт хэрэг байлаа. Хэрвээ чи халуураад өвчтэй орондоо хэвтэж байвал яаж ч байсан босоод ядаж бэлтгэл хийж байгаа багийнхаа хажууд харж суух "үүрэг" хүлээнэ. Халуунтай ч гэсэн, дотор эргэж бөөлжих гэж байсан ч гэсэн хамаг хувцсаа давхарлаж өмсөөд өрвийсөн юм цасан дундуур туучин явсаар бэлтгэлийн зааланд ирж завьны хэдэн нөхдийн өөрсдийгөө хэрхэн "тарчлаахыг" харахад бас ч гэж тайвширч халуун намддаг байв. Манайхан бүгд дээд цэгтээ хүртэл өөрсдийгөө хүчилж чаддаг байснуу гэвэл бас тийм биш юм шиг. Гэхдээ хажууд суун бэлтгэл хийж байгаа нөхрийн, өөрийн завин дахь сэлүүрчний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй гэсэндээ чадах бүх хүчээ бэлтгэл болгон дээр гаргадаг байсан гэвэл тэр үнэн.

Тиймээ, бид байнга бэлтгэл хийж бусдаас илүү болох гэж, тэр хүний дээд хүн гэж байдаг бол өөрийн төсөөлөлд буй тэр хүний хажууд мөр зэрэгцэн зогсох гэж, ингэж чаддагүй юм гэхэд үүний төлөө бие махбодь сэтгэлээ санаагаа хуваалгүйгээр зориулах гэж ихэд хичээсэн. Бэлтгэл дээр ухаан алдаж унаагүйгээс биш, унах шахаж байсан өдрүүд цөөнгүй бий. Цусан дахь сүүний хүчлийн хэмжээ "дааж" чадах хэмжээнээс ихэсч, толгой эргэн бөөлжиж байсан гэвэл байсаан. Гэхдээ энэ бол "ЭР ХҮН"-ний шинж биш, харин ч бид ямар хөгийн дорой амьтад болохыг илтгэсэн нэг жишээ байдаг байв. Ингэж бэлтгэл хийснээр бид хөгийн дорой амьтад гэдгээ ухаарна. Ухаарах тусам ийм дорой, ядруу, жул амьтад байхыг үл хүснэ. Үл хүсэх тусам дахин бэлтгэл хийх энерги хаа нэгтэйгээс урган гардаг байв. Бэлтгэл болгоны дараа бид өнөөдөр ямар ч байсан өчигдрөөс дээр болжээ эсвэл өчигдөрөөс ямартай ч доогуур орсонгүй ээ гэсэн дүгнэлтэнд хүрч чадахгүй бол тэр бэлтгэлийг хий дэмий цагийн гарз гэж үздэг байлаа.

Хүнд бэлтгэлийн үеэр үнэхээр "болъёо" гэж орилмоор санагдаж, хий дэмий ингэж өөрсдийгөө зовоох хэрэг юусан билээ гэсэн бодол хүртэл орж ирнэ. Манай багийнхан бэлтгэл болгон дээр сайжирснаар хүсэн хүлээж байсан "ЭР ХҮН" болох байлгүй гэсэн хөдлөшгүй итгэл үнэмшилээр зүрх сэтгэлээ тэжээдэг тулдаа л хүнд бэлтгэлүүдийг ардаа орхисон юм шиг. Мэдээж энэ бүгдийг туулж чадаагүй олон найз нар минь байгаа. Тэднийг бид буруутгахгүй ээ. Харин сэтгэл санаа хүсэвч, бие минь дийлэхгүй хийсэн бэлтгэлийг "алдаг" өдрүүдэд өөрсдийгөө бид буруутгана. Бид юу ч байж болно, гэхдээ "дорой" л байж болохгүй гэсэн ганц зарчим дээр зогсдог байв. Даанч хүнд бэлтгэлийн үеэр зарчим байнга зөрчигдөнө... Энэ бүхнийг зөвхөн "ЭР ХҮН" болохын төлөө хийдэг байсан гэвэл бас худлаа ч юм шиг. Харин ч завиараа, багаараа бусдыг дагуулах жишээ болохын төлөө, нэг нэгнийхээ мөрөн дээр зогсоод оргил өөд авирахад нь авирч буй нэгнийгээ доош нь татахгүй гэсэндээ доор нь тулж буй нь шүд зуун тэсч, хамтдаа нэг зорилгын төлөө тэмүүлж өнгөрөөсөн гэвэл арай оновчтой мэт.

Өнөөдөр байдал өөр болсон. Бусдаас илүү гарч, усан дээр хамгийн хурдан болох гэсэн ганц зорилго маань хамгийн сүүлчийн тэмцээнтэй хамт дуусгавар болж, одоо ой санамжинд минь тоос даруулан хэвтэнэ. Гэхдээ л би бэлтгэл бэлтгэл гэж яарахгүй ч байнга яаран явна. Заримдаа ажил ажил гэсээр байгаад яг юунд ингэтлээ яарч, юу руу хүсэн тэмүүлээд байгаагаа мартана. Гэвч тэр ойлголт - зүрх сэтгэлээ тэжээдэг байсан тэр хоол, дорой хүчирхэг хоёрын хоорондын ялгаа, магадгүй энэ амьдарлын утга учир, сайн сайхан одоо болтол бодолд эргэлдсээр.

Friday, August 22, 2008

Хоорондоо л ярихгүй юу


Шөнө айлын хаалгыг нэг нөхөр баахан балбав гэнэ. Цаанаас нь "хэн бэ?" гэсэн дуу гарав.
Нөгөө нөхөр: Би байна.
Айлын хүн: Яах гэсийм?
Нөгөө нөхөр: Өө, нэг ярих зүйл байна.
Айлын хүн: Хэдүүлээ яваан?
Нөгөө нөхөр: Хоёулаа л явжийна л даа.
Айлын хүн: Тэгвэл хоорондоо ярихгүй юу.

Өндөг байна уу?
Нэг том биетэй эр үсчинд орж иржээ. Тэгээд үсчин залуугаас "Талх байнуу?" гэтэл нөгөөх чинь "манайд талх зардаг газар биш" гэв. Тэгтэл үсчин залуун нам цохичихоод гараад явчив гэнэ. Маргааш нь байж байтал дахиад л орж ирээд "талх байна уу" гэжээ. Үсчин залуу "уучлаарай ахаа манайх талх зардаг газар биш" гэв. Тэр даруйд нь нөгөөх чинь үсчин залууд самирчаад гараад явчив гэнэ.
Нөгөөдөр нь үсчин залуу төрөл төрлийн талх авчаад суужийтал нөгөө нөхөр ирлээ гэнэ шүү. Орж ирэнгуут нь "Та ямар талх авах уу?" гэж асуужээ. Тэгтэл тэр эр "сая аптикаас талх авчлаа, одоо өндөг байнуу?"

Wednesday, August 20, 2008

Tranquility of our mind

The great source of both the misery and disorders of human life, seems to arise from over-rating the difference between one permanent situation and another... Some of those situations may, no doubt, deserve to be preferred to others; but none of them can deserve to be pursued with that passionate ardour which dirves us to violate the rules either of prudence or of justice; or to corrupt the future tranquility of our minds, either by shame from the remembrance of our own folly, or by remorse from the horror of our own injustice.

Taken from "The Theory of Moral Sentiments" by Adam Smith.

Friday, August 15, 2008

Тахианы түүх


Нэг эр тахианы аж ахуй эрхэлдэг байжээ. 25 эм тахиа 1 эр тахиа байдаг байсан бөгөөд удалгүй нөгөө эр тахиа хөгширч өөрийн хийдэг ажлыг барахгүй болж эхлэв гэнэ. Тэгэхээр нь зах гарч нэг залуу эр тахиа худалдан авчирч л дээ.
Залуу эр тахиа нь ирээд их л оодгор байна гэнэ. Хөгшин эр тахиа ч хэлж л дээ. Чи 25-саа надад 1-г л өгчих, тэгээд л бусдад нь ажлаа хий гэж. Харин залуу тахиа юу гэж дээ, тийм юм байхгүй гэв. Тэгтэл хөгшин тахиа за тэгвэл хоёулаа тэр мод хүртэлх зайнд уралдая, тэгээд чи ялвал бүгдийг нь ав, харин би ялвал 1-г л авая гэж.Харин нэг болзол байгаа нь би чиний 10 метрийн өмнө гараагаа эхлэнэ шүү гэжээ. Нөгөө залуу тахиа ч өөрийгөө ялна гэдэг бат итгэлтэй байсан тул тэгэе л гэж гэнэ. Тэгээд маргааш уралдахаар болов.

Маргааш нь тохиролцсон ёсоор хөгшин тахиа 10 метрийн урьд зогсож мод руу уралдахаар болов. Гүйлт ч зэрэг эхэлж, залуу ч юу юугүй л хөгшин тахиаг гүйцэх гэж байна гэнэ шүү. Яг л ард нь очиж гүйцээд ирсэн чинь ПАААН гээд явчиж. Яав ийв юу болов гэтэл, нөгөө тахиачин залуу залуу тахиаг чинь буудаад хаячихсан байв. Тэгээд тэрээр ийнхүү хашгирч гэнэ: "бүтэлгүй юмаа, энэ долоо хоногт 5-н "gay" (ижил хүйстэн) тахиа аваад байхдаа яахав дээ".

Thursday, August 14, 2008

Эр хүн эр хүндээ хайртай!


Эмэгтэй хүн:
Эхнэр нь нэг шөнө гэртээ ирэлгүй гадуур хоноод маргааш өглөө нь иржээ. Мэдээж нөхөр нь эхнэрээ хаагуур явж байгаад ирэв гэхэд "сайн найзындаа хоноод ирлээ" гэв. Нөхөр нь эхнэрийнхээ хамгийн сайн гэсэн 10 найз руу нь утасдахад цаадуул нь манайд хоноогүй гэв.

Эрэгтэй хүн:
Нөхөр нь нэг шөнө гэртээ ирэлгүй гадуур хоноод маргааш өглөө нь иржээ. Мэдээж эхнэр нь нөхрөө хаагуур явж байгаад ирэв гэхэд "сайн найзындаа хоноод ирлээ" гэв. Эхнэр нь нөхрийнхөө хамгийн сайн гэсэн 10 найз руу нь утасдахад 5 нь "тийм манайд хоноод явсан ш дээ" гэцгээжээ. Харин бусад 5 нь "манайд хоносоон, одоо ч гэсэн хамт байна" гэв.
Эр хүн эр хүндээ хайртай...

Monday, July 14, 2008

Ураа Баабар Ураа!

7-н сарын 1-нд болсон үйл явдлыг нүдээр үзээгүй боловч, бусдын нэгэн адил телевизийн дэлгэцнээс харсан билээ. Энэхүү үйл явдал ажил тараахаас өмнө хүчирхийллийн шинжийг олж, цадаа цэрэг нь ч энэхүү байдлыг дэгдээсэн нь зурагтаар илт харагдаж байсан. Хэдийгээр тэнд 1600 цагдаа байсан гэх авч, хэн нэг нь санаатайгаар магадгүй санаадгүйгээр ямар нэг арга хэмжээ авах тушаал өгөөгүй нь байдлыг хурцадгахад нөлөөлсөн.
Тухайн жагсаал нь хүчирхийллийн хэмжээнд очоогүйсэн бол хувьдаа би ажлаа тараад цуглаанд дуу нэгтгэхээр очих л байлаа. Аав ээжээс олсон хүмүүжил, урт хугацааны боловсрол зэрэг маань хүчирхийллийн ямар ч хэлбэрийг дэмжихгүй үзэл бодол надад хөгжүүлсэн нь намайг олон зүйлийг "хүний" төвшинд буюу хэл амаараа асуудлыг шийддэг зарчим суулгаж өгсөн. Тиймээс ч энэ хүчирхийлэлийн дэмжилгүйгээр гэрт байдлыг харж суусан юм. Ингээд элдэв хувийн бодлыг та бүхэнд нялзаахгүйгээр Баабар ахын өгсөн ярилцлагыг уншихыг хүсч байна. Хэдийгээр Баабар ахын бичсэн ярьсан зарим нэг зүйл дээр санал бодол нийлэхгүй тал байх ч, энэхүү ярилцлага нь надад үнэхээр таалагдлаа.


"Барьж байгаа хорооллыг нь байг гэхэд Их дэлгүүрийн хажууд барьсан олон давхар харшийг нь хүмүүс харж л байгаа шүү дээ. Хүмүүс үүнийг хараад төрдөө талархаад байна гэж бодож байна уу? Хөдөлмөр зарж гараараа ядахнаа баримлын шавраар юм хийж үзээгүй хүмүүс ингэж таргалахаар бусдад нь таатай байх уу? Замын-Үүдэд эзгүй газар хэрэггүй хашаа сая доллароор барьчихаад цаана нь мөнгө дутаж байна гээд сууж байгааг хүмүүс зурагтаар хараад хөөр болох уу? Гэтэл Бат-Үүл шиг хувийн машин ч үгүй, хуучин байшиндаа сууж байгаа нэгнийгээ “улс төрд хичнээн жил зүтгэчихээд гэрээ тохижуулж чадаагүй арчаагүй амьтан” гэж хамт суугаа гишүүн нь мэдээллийн хэрэгслэлээр баалж суудаг хэмжээндээ хүрчиж. Миний мэдэхээр Улаан сонгогдсон аймгийнхаа олон жилийн төсөвтэй тэнцэх мөнгө идсэн, цаадуул нь шүтээд л сонгоод байхаар тойргийн гаднах өөр бусад хүмүүс аль зэрэг баярлаж байгаа бол? Заргалдвал заргалдаарай. Улсын Ерөнхийлөгч нь төв талбайгаа тойруулаад баахан газар байр дээрэмдчихсэн, түүнээ шөнийн цагаар эргэж тойрч байдаг нь наад зах нь хүмүүсийн атаархал хөдөлгөх юм биш үү? Шүүхдвэл шүүхдээрэй. Би үүнээс хавьгүй ихийг хэлж чадна, олныг ч хэлсэн, хөлсний алуурчин илгээвэл илгээгээрэй."

Улам л коммунист нийгэм ийм байдаг болов уу гэсэн төрхөнд бага багаар шилжин буй энэ нийгэмд "хөлсний алуурчин илгээвэл илгээгээрэй" гэж хэлчих хоншоортой аавын хүү үнэндээ Баабар ахаас өөр олдох болов уу. Хэзээ нэгэн цагт, залуус бид бүгдээр үнэнийг хамгаалан зогсох цаг ирвээс бидэнд зориг битгий л дутаасай.

Ураа Баабар Ураа!

Wednesday, May 14, 2008

Cloths of Heaven

Had I the heavens’ embroidered cloths,
Enwrought with golden and silver light,
The blue and the dim and the dark cloths
Of night and light and the half light,
I would spread the cloths under your feet:
But I, being poor, have only my dreams;
I have spread my dreams under your feet;
Tread softly because you tread on my dreams.


- W.B.Yeats

Friday, April 25, 2008

Ертөнцөөс тасрахуй


Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр. Би өөрийнхөө хийсэн бүтээснийг сая нэг эргэн харахад сүүлийн хэдэн сар үнэхээр бараг юу ч хийгээгүй гэлтэй зам мөр маань амжилтаар бага байлаа. Ажлын хажуугаар бэлтгэлээ хийсээр, оройдоо ганц хоёр ном гарчигласан болоод л өнгөрч байна даа. Энэхүү пост-г хийх болсон шалтгаан нь ганц хоёр мэдсэн зүйлээсээ хуваалцюу гэсэнд оршино.

1. ooVoo.com Дээрээс video conference хийх програм татаж аваад ажилдаа ашиглавал дажгүй санагдлаа. Заавал мэдээлэл технологийн сургууль явж video conference хийх хэрэг юун.

2. Google Gears - enough said.

3. Zoho notebook - innovative way to store any kind of content. Check it out buddies!

4. Collapse - a book by Jared Diamond. Highly recommended.

Маргааш өглөө ажлын шугамаар Швед явлаа. Эргэж ирээд дуусгаагүй нэг пост-оо нэмнээ. Амжилт анд минь!

Thursday, January 10, 2008

Мөрөөдөл дүүрэн амьдарч, сайн сайхан руу тэмүүлцгээх нь


Солонгос дахь Монгол оюутнуудын холбооноос эссе уралдаан зарлаж байсан юм. Тэр уралдаанд оролцооч хэмээн Зоо Парк-н нэг дотны анд минь намайг шалсаар би нэг эссе бичсэн билээ. Үүнийг сая компютер дотроос олсноо доор сийрүүллээ.


Мөрөөдөл дүүрэн амьдарч, сайн сайхан руу тэмүүлцгээх нь



Багадаа би онгоцны нисгэгч болно гэж боддог байсан юм. Нисгэгч болсон хойноо хайртай хүмүүсээ суулган мандах нарны дор дэлхийг тойрно доо гэж төсөөлдөг байлаа. Ингэж бодох учир нь алтайн уулсыг даван нисэж, усны шувуу нисэн үл хүрэх газраар зочилон, эх дэлхийг өөрийн биеэр нээнэ гэсэн бяцхан мөрөөдөлд оршиж байсан хэрэг. Хэдийгээр өнөөдөр би онгоцны нисгэгч болоогүй ч одоо хэр нь анхны энэ мөрөөдлөө би мартдаггүй юм. Анхны юм бүхэн сайхаан. Анхны мөрөөдөл маань араасаа мянга мянган мөрөөдлийг төрүүлэн, миний зүрхэнд ассан мөнхийн гал болж, сэтгэлд минь нэгэнтээ шингэжээ.


Бага насны минь мөрөөдөл надад тэртээх уулсыг давбал газар үгүй гэсэн бодлын хар тогоог өргөх хүч хайрлаж, нэг л өдөр намайг УБ-н галт тэрэгний өртөөн дээр өөртөө дэлхийг нээхээр зогсоож орхисон юм. Ингэж л би зургаан жилийн өмнө, Колумбус-с хагас мянганы дараагаар, Америк тивийг өөртөө анх нээж билээ. Энэ цагаас хойш би мөрөөдөлдөө хөтлөгдөн олон улсаар аялаж 4-н тивд амьдарчээ. Өнөөдөр би Монгол улсын хөгжлийн төлөө гээд дугаарлаж номерлоод хэлэх үгс, индэр дээр гарч зогсоод айлдах сургаалыг хангалттай цуглуулж амжаагүй байгаа ч, эх орны минь ирээдүй, улсын минь хөгжлийн багана болох анд нөхөддөө өөрийн бодож санаснаа бага ч болов хуваалцая гэж бодсон билээ.
Баян ядууг олон янзаар зааглаж болноо. Өнөөдөр эх орон минь мөнгөөр гачуу, хүмүүс нь хөрөнгөөр ядмаг байгааг та бүхэн надаар хэлүүлтгүй мэдэж байгаа байх. Гэхдээ эдээр тутмаг, баялагаар бага байхыг би хувьдаа туйлын ядууралд хэзээ ч тооцохгүй. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор би нутаг буцан, энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд өөрийн хувийг чадах ядахаараа нэмэрлэсэн юм. Энэ үеэр би гал цогтой, хүсэл мөрөөдөлтэй олон залуустай уулзан танилцаж анд нөхдийн ариун холбоо тогтоосон. Хүсэл мөрөөдлөө, ирээдүйн тэр л хүнийг Монголын хөгжил дэвшилтэй салшгүй холбосон залуусын дунд байхдаа би Монголоороо бахархаж байсан. Тэдний яриа, сайн сайхан руу тэмүүлэх эрч хүчийг мэдэрснээр би Монгол хэзээ ч ядууд тооцогдохгүй гэдгийг ойлгосон юм. Учир нь сэтгэлгээний хоосролыг болоод ирээдүйн сайн сайхан рүү тэмүүлэх мөрөөдөлгүй хоосонг л би ядуурал тооцдогт тэр.
Мэдээж залуус маань олон зүйлийг мөрөөдөж болно. Материаллаг эд зүйлсээр мөрөөдлөө тодорхойлж, мөнгө төгрөгөөр аз жаргалыг хэмждэгт залуус ч олон байдаг байх. Гэхдээ тэд мөнгө бол алдаж бас олж болдог эд гэдгийг хэзээ ч мартаж болохгүй юм шиг. Харин мөрөөдөл бол өөр. Мөрөөдлөөс мөрөөдөл төрөн гарч мөрөөдөлдөө шингэдэг юм. Тиймээс ч туйлын мөрөөдөлөө нэг алдвал дахин олдохгүй уулын уруу өнхрөх чулуу мэт хаашаа яваагаа мэдэхээ болих аюул бий. Мөрөөдлөө хийж буй үйлдлээрээ тордож, ирээдүй рүү зоригтой алхах итгэл найдвараар услахгүй бол хангалуун амьдралд ч мөрөөдлийн цэцэг хагдрах байх шүү. Иймээс ч мөрөөдөлдөө хүрэхийн тулд юу бодож, юуг сэтгэхийг биш, харин яаж бодож, хэрхэн сэтгэхийг сурах шаардлага зайлшгүй гарч байгаа юм. Миний хувьд гэвэл би өөрийн гэсэн мөрөөдөлтэй, тиймдээ ч би өөрийгөө баян хүнд тооцдог.
Хаа газар явахад идэх хоолгүй, хонох газаргүй үе үе тохиолдож л байлаа. Хоёр идэлгүй хоосон хоносон энэ өдрүүдэд халаасандаа мөнгөгүй, ходоодондоо хоолгүй байсан ч эрдэм сурах зорилготой, нутагтаа буцах хүсэлтэй, өөрийн гэсэн мөрөөдөлтэй байсан болохоороо л шантарч би буцаагүй ээ. Энэ үед хүнд мөрөөдөл байвал давахгүй дээ гэсэн давааг даван, чадахгүй дээ гэсэн хүндэрлийг туулж гарах хүч хаанаас ч юм бэ гарч ирдэг юм. Асуудал бэрхшээлийн өндөр ууланд мөрөөдөл маань надад дээш нь татах олс, доороос минь түших тулгуур болж өгч байсан. Эцсийн эцэст амьдралд тулгарах бэрхшээлүүд улсын наадмын даваа шиг тоотой хэдхэн эсвэл үүрэн дээрээ овоорох шоргоолж шиг ч тоо томшгүй олон байж болно. Амьдарлын жим даган явахад чинь бас говийн элсэн ширхэг шиг жижиг хүндэрлээс авахуулаад уулын чинээ бул чулуу зам дээр маань тохиолдож ч магад. Өнөөдрийн Монголын нийгэм гаж үзэгдэл олонтой байж, түүнтэй эвлэрэхгүйгээс болон бухимдах, гуних магадгүй цөхрөх үеүүд ч тохиолдож мэднэ. Ард Аюуш найман эрүүг даван Шахаанд орохоор зэхэхэд ардууд “Та минь даваад л гараад ирдэг шүү дээ” гэж түүнд хэлдэг. Үүн шиг бид хүчирхэг болоод нэгдмэл Монголыг мөрөөдөлдөө тээн, үнэт зүйлсээ сэтгэлдээн хадгалан, сайн сайхан рүү тэмүүлэх хүслээ зөв залж чадвал энэ байтугай бартааг даван, бэрхшээлийг гатлаж хөгжил дэвшил дүүрэн Монголыг Азийн цээжнээ босгох болно. Гагцхүү мөрөөдөлдөө л бат итгэж, үнэт зүйлсээ чандлан сахах хэрэгтэй.
Муу муухайг мөрөөдөж байгаа хүнийг би 4-н тивийн олон орноор хэрэн бадарчилж явахдаа хараахан олж уулзаагүй л байна. Мөрөөдөл болгон сайн сайхан руу тэмүүлж байдаг. Тиймээс учраас ч би хүний сайн сайханд итгэж явдаг. Нөгөө талаас бас сайхан сайхан руу тэмүүлж, аз жаргалыг эрин хайх нь мөрөөдлийг мөрөөдөл болгодог юм шиг надад санагддаг юм. Өнөөдрийн өндөр хөгжилтэй, ардчиллын эх нутаг болох Америк орныг үе үеийн Америк залуусын мөрөөдөлдөө үнэнч байж, тэдний сайн сайхан рүү тэмүүлж чаддаг тэр л зан нь бүтээн босгосон гэж би боддог. Тиймээс үнэхээр хөгжил дэвшлийн оргилд хүрсэн Монгол орон сүндэрлэн босох цаг ирэх аваас тэр нь Монгол залуусын мөрөөдөлд өлгийдүүлэн, тэдний гар, бие сэтгэлээр нь босож ирнэ гэдгийг би мэдэж байна.
Утга учиртай амьдарлаар амьдрах нь хүмүүн бидний хүсэл боловч, тэр л утга учирыг эрж олоход туслах зам харгуй нь хүний өөрийнх нь мөрөөдөл юм. Ганц олдох энэ амьдрал – алтан боломжоо харамсах зүйлгүйгээр мөрөөдөл дүүрэн, сайн сайхан руу тэмүүлж амьдарцгаая. Нэр нь олонд танигдаагүй нэгэн Монголын зохиолчийн үгээр би өөрийн эссе-г өндөрлөхийг хүсэж байна.
“Хэрэв би нисэж чаддаг бол одоо нисмээр байна. Орчлон ертөнцөөр дүүлэн нисэж үзүүртэй модны дээгүүр, үүлтэй тэнгэрийн доогуур хурдалмаар байна. Гүймээр байна би одоо, гүрэлзэж байгаа судсаа задардал, асга хадан дээгүүр харайж энгүй далайн шуурга шиг эрчлэн дайрмаар байна. Гэвч би мөлхөж явна, өвдөг сөгдөн дөрвөн хөллөж байна. Хүсэл зориг мөрөөдөл гуравтаа татагдан хөвөн үүлсийн зүг мөлхөж байна. Гэвч би өндийх ёстой, мөрөөдөлдөө дөрлөж, хүсэлдээ тулгуурлаж өнөөдөр биш юм гэхэд маргааш босох үүрэгтэй.”

Monday, December 31, 2007

Оны онцлох үйлд явдлууд

Оны онцлох үйл явдлууд:
1. Нью Ингланд-н Чампион, 4-н хүний завиар хүрэл медал хусав.
2. Амьдарлын нэг бухиа гүйлт төгсөж, дипломоо гардан авав.
3. Монголд ирэв.
4. Дүүг бэлдэв.
5. Дэд доктор Ганбатын “Аалзны тор” цуврал бичлэгийг ойлгох хэмжээнд боловсрогдов.
6. Дараачийн шатны бухиа гүйлт эхэлж, амьдрах шалтгаан нэгээр нэмэгдэв.
7. Хэд хэдэн ажилд орж, бүлтэрч суух цаг багасав.
8. Амор-той наймаалцаж авсан хувьцаа өгөөжөө өгч эхлэв.:)

Сүүлийн хэдэн шинэ жилийг хаана тэмдгэлэв би?

2007-2008 оны шилжих мөч: Улаанбаатар, Монгол Улс
2006-2007 оны шилжих мөч: Нью Йорк, АНУ
2005-2006 оны шилжих мөч: Лондон, Их Британи
2004-2005 оны шилжих мөч: Сан Франциско, АНУ
2003-2004 оны шилжих мөч: Форт Портал, Уганда улс
2002-2003 оны шилжих мөч: Викториа, Канад Улс
2001-2002 оны шилжих мөч: Сан Франциско, АНУ

Sunday, November 25, 2007

Архидаж буй нярай-нууд

Уул нь их л амьдарлын наадах цаадахыг харсан бичлэг үйлдюу гээд орж иртэл манай найз сургууль дээр авахуулсан хэдэн зургаа тавьсан байсныг нь хараад элэг хатаж үхэхээ шахав. Ингээд энэ их инээдэм ханиадамыг ганцаар бус та бүхэнтэй бас хуваалцая гэж бодлоо.
Доор тавьсан зурган дээр миний дотны найз Ёохан байгаам. Тэр бид хоёр сүүлийн хэдэн жил андууд явахдаа усан дээр ч, газар дээр ч их ч цагийг өнгөрөөж андын холбоо хөлсөөр бас номоор уягдсан даа. Ухаалаг залуу байгаам.

Photo Sharing and Video Hosting at Photobucket

За энэ бол манай завийнхны нэг хэсэг нь. Түвшингээс бусад нь одоо сургуульдаа байгаа :D Тэд төгсөөгүй мөртлөө миний төгсөлтөн дээр зорьж ирсэн гарууд. Санаснаас өмнөх өдөр нь савж савж, төсөлтөөсөө хоцорхоо шахсан шүү.

Photo Sharing and Video Hosting at Photobucket

Амжилт хүсч байгаа нь:
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Одоо саяханы авсан зурган дээр гарууд яаж өвчигнөж байгааг үзүүлье.

Ёоханы хардаа аахахахаха
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Энэ гурвийг ээ!
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Ted Kundhart бол яаг нярай шиг гарч. Уул нь 100 кг гаруй жинтэй сүүлийн 6 жил завиар хичээллэж байгаа туршлагай нэгэн сэн хэхэ
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Муу гаруудыг санах юмдаа. Дараа жил авчирч, Чингисийн шилэнд хийж хонуулдым билүү?

За тэр яахав. Анх бичих гэж орж ирсэн зүйлээ хам хум бичээд хурдан гарсугай. Маргааш хэдийгээр баяр ч гэсэн би ажилтай хүн. :D

"Аливаа муу үйл нь муу үйлд тооцогдохоо болиогүй мөртлөө нүдэнд дасал болж, хэвийн зүйл мэт үзэгдэх болгонд ёс сургхууны уналтын шалтгаан нуугдаж байгаа юм. Муу үйлээр дэг журам тогтооно гэж байдаггүй болохоор хувь хүн, тэрхүү муу үйлд хамтран оролцох замаар орчинтойгоо зохицох гэж оролддлог байна" гэж Ортега Гассет "Түмний түрэлт" номондоо бичсэн байсан.
Ортега Гассет-н энэ үг бол өнөөдрийн Монголын нийгэмд тохирохоор үг гэж би хувьдаа бодож байна. Зөвхөн хөрөнгийн зах зээл дээрээс л харахад 1990-д онд жинхэнэ түйвээсэн "новшнууд" өнөөдөр баяжиж хөлжиж гахай шиг цүдийсэн ч гэсэн тэдэнд хэн ч ямар ч бурууг тохохгүй байгаа бөгөөд тэдний хийсэн "хууль бус"/муу үйл явдал нь 1990-д онд хэвийн үзэгдэл болж хувирсан байсан. "Новшнууд" үүгээрээ дэг журам тогтоож чадаагүй ч, нийгэмтэйгээ "зохицож" чадахгүй хэсэг нь тэднийг даган муу үйлд хамтран оролфох замаар бусдыгаа болон эх орноо тоносон билээ.
Хулгайчид холбоо сүлбээ сайтай байсан нь тэднийг Монголын Хуулиас хамгаалах бамбай болж, улсын байцаагч нар яаж ч чадахгүй сөхөрдөг байлаа. Өнөөдөр "новш"-ууд цадаагүй л байна. Тэдний араас "новшийн" арми даган бэлтгэгдэж байгаа гэхээр аймаар ч юм шиг. Үнэндээ бид айх ёстой л доо.

Өнөөдөр нэг зохиол уншиж суухад зохиолч ийнхүү бичжээ:
"Ариун огторгуйд ариун юм байх нь гайхамшигтай бишээ. Үүнд гавьяа байхгүй харин бузар булайн дунд ариун байна гэдэг юутай гайхамшиг вэ? Хүний хүү тэр гайхамшигийн төлөө амьдрах ёстой биш үү!" Үүгээр өнөөдрийг төгсгөе дөө.

Амжилт анд минь,
Конфи.

Saturday, November 17, 2007

Нарыг гараараа хааж чадахгүй

Монголын амьдрал буцалсаар.
Хэлгүй дүлий нь ч, хэлтэй амтай нь ч дээгүүр доогуур гүйлдсээр. Уганда-д бол мататү гэж нэрлэх бидний мэдэх микре гээч нийтийн тээврийн хэрэгсэл энд тэндгүй сүлжилдсээр. Микре-д сууж явахад хаана хэзээ ямар тэрэгтэй үнсэлцэж согсох бол гэхээс дотроос өөрийн эрхгүй инээд хүрэх шиг. Гэвч энд бас онхолдон бэртэх аюул буй учир бага зэрэг айдас хүрэх шиг.
Би Америкт эсвэл Англи амьдарч байсан бол ингэтлээ амьдарлыг шохоорхож амьдрах байсан болов уу гэж хааяа боддог юм. Та нар боддоо, Африкийн хэдэн орноос бусад дэлхийн ямар ч улсад нийтийн тээврийн хэрэгслийнх нь хаалга салж унахгүй дээ аан? Тиймээ, Монголын амьдрал өдөр болгон надад “amusement” бэлгэлсээр, тэрэнд нь би бараг согтож байгаам бишүү?
Аргентинд нэг хэсэг манан, утаа хоёр нэгдээд нээх сайхан хортой манан үүсгэж байсан гэж дуулж байсан. Одоо ч мэдээж байхгүй болсон л доо. Харин энэ байгалийн сонин үзэгдлийг үзэж чадаагүй нь Аргентин явах ч хэрэггүй, харин зүгээр орцноосоо гарахад л болоо. Өглөөд орцноосоо гарахад дотор гашуурч, хоолой хорсоно доо хөөрхий. 500 метрыг газар байтугай 100 метр харахад хэцүү болж байгаам. Заримдаа ажил дээрээ цонхоо онгойлговол тэгээд л бараг л муужирч унана шүү дээ. Би гэж амьтан заримдаа өөрийнхөө ширээнээс угаартцан нулимс дуслуулах нь дөхөөд порчикоо хааж байгаам бишүү. Америкт бол яг тэгж харагдаач.

Хуулиар хориглоогүй бүхнийг...
Хуулиар хориглоогүй бүхнийг хийж болно гэсэн хууль ардчилсан нийгэмтэй оронд үйлчилдэг. Монголыг би ардчилсан нийгэмтэй болохоор Монголд хориглоогүй бүхний хийж болно гэж боддог байв. Гэвч энэ бодол маань төдөлгүй өөрчлөгдсөн юмдаа.
Манайх гэж нэг компани нэрээ зохиогоод, үүнийгээ улсад бүртгүүлж авахаар очивоо. Гэтэл өөдөөс, “энэ хэтэрхий ерөнхий нэр байна, санхүүгийн зохицуулах хорооноос асуугаад болно гэвэл яахав өгнө” гэдэг байгаа. Ядаж байхад МАХН-ы хурал болсон тул байгууллагын дарга нар 7 хоног ажил дээрээ харагдаагүй тул 3 хоногт авдаг гэж хошгоруулаад байсан нэр маань 2 долоо хоног болж байж хариу нь гардаг байгаа. Гэхдээ мэдээж “ийм нэр өгч болохгүй” гэсэн хариу гарав. Яах ийв гэсээр давхиж очтол “СЗХ-с ийм нэр өгч болохгүй гэсэн санамж ирсэн” гэхээр нь СЗХ-нд нь давхиж очин уг санамжийг өөрийн биеэр үйлдсэн ноён Г-тэй уулзлаа. Г өгүүлрүүн “Энэ нэрийг өгч болохгүй гэсэн хууль байхгүй. Гэхдээ та нарт энэ нэрийг битгий аваарай гэж зөвлөмөөр байна” гэж хэлэх нь тэр. Хммм, уул нь Г хуульч хүн, хуулиар хориглоогүй бүхнийг хийж болно гэдгээ мэдэхгүй “шааж” явах юмдаа. Энийг сонсоод захирал маань ноён Г-тэй удаан яривал барьцалдаж авч магадгүй гэж эмээгээд тэндээс түргэхэн шиг гарсан гэжуга. Энийг нь сонсоод миний бие хичнээн инээснийг та бүхэн тааж баршгүй.

Африкт амьдармааргүй ...
Би өмнө нь Африкт амьдармааргүй байна гэж хэлж байсан. Монголыг Африк болж өөрчлөгдөхийг хармааргүй байна гэж байсан. Гэвч өнөөдрийн Монголд, Монголыг Африк болон өөрчлөгдөж байгааг хоёр нүдээрээ харан сууна. Хүний нүдэн дээр дээрэмдэж, бусдын өмнө дээр хулгайлж, улаан цайн цөлмөж байгааг би мэдсээр байж, тэд нарыг харж сууна. Тоглоомын онолын дүрмээр бол тэр тэгэх ёсгүйдээ, харин ард нь ийм хэрэг нь илэрч болзошгүй тул энэ алхамыг авсын болов уу чигшиг хачин аймаар таамаглал дэвшүүлээд л гайхаж сууна. Ай, тэдний хийж буй үйлдэл бүхнийг базаж аваад нэг онолын хүрээнд авч үзэх юмсан. Болох эсэхийг нь ч сайн мэдэхгүй л байна.

Тэвчээр суух хэрэгтэй болжээ ...
Юуг ч зөв баривал зэвсэг болдог юм гэж нэг буянтай буурал хэлжээ. (нөгөө Empire-г бичдэг гар байхаа) Яг одоо миний барьж болох ганц зэвсэг маань цаг хугацаа байгаа юм. Энэ зэвсгээ өдрөөс өдөрт, цагаас цагт зөв ашиглаж, өөрийн хүсэл мөрөөдөлдөө залж чадвал ирээдүйд юу болохыг буянтай ах минь ч хэлж мэдэхгүй. Харин тэр цаг болтол тэсэх л хэрэгтэй гэж нэг найз минь уржигдар уулзахад хэлж байсаныг саналаа. Үнэнийг хэлэхэд тэсэх гэдгийг би сураагүй биш сурсан, гэхдээ хамаг бие хөндүүрлэж, үе мөч салж унах гээд байхад нь л завин дээрээ л тэсэж сурсан. Завьнаас буугаад амьдрал дээр тэснэ гэдэг илүү хэцүү ажээ.
Одоо бол угаартуулж алах гээд байхад нь л утаан дунд инээвхийлэн сууж, дайрч алах гээд байхад нь л үсэрч бултаж зугатааж, тэрбум тэрбумаар нь гулгуулчихаад өөдөөс loser мэт харц чулуудаж байхад нь өөдөөс нь loser харцаар хариулж, улаан хацартангуудын бүдүүлэг занг нь шанаагаар биш уучлалаар өршөөж чадах тэр тэвчээр суух хэрэгтэй болжээ.

Нарыг гараараа хааж чадахгүй
Би бурханд итгэдэггүй ч гэсэн, би диваажин байдаг гэж боддоггүй ч гэсэн, шударга үнэн ялж чадна гэдэгт итгэдэг. Энэ дэлхий дээр нарыг, сайн сайхны илэрхийлэл болсон тэр симболыг, ганц хүн эсвэл хэсэг бүлэг хүн гараараа хааж чадахгүй гэдэгт бас итгэдэг. Гэхдээ энэ явдал нийгэм маань өөрөө сайн сайхан рүү тэмүүлж байвал л боломжтой шүү дээ. Сэтгэлийн угт асах итгэлийн гал нь унтарч, сайн сайхан руу тэмүүлэх эрмэлзэл арилах аваас “новшнууд” заавал нарыг гараараа хаах хэрэггүй болох бизээ. Учир нь тэр үед хэт харанхуй байх учир нар харагдахгүй л байх биз. Энэ явдлаас өөрийгөө, гэр бүлээ, үр хүүхдээ аврая гэсэн нь одоо л зогсолтгүй хөдөлмөрлөх цаг болсон доо. Тиймээ, “новшнууд” нарыг гараараа хааж чадахгүй.

Sunday, October 28, 2007

Бодролууд хөвөрхүй...

Өглөөний наран уулын цаанаас мандаж үеэр өгсүүр шатаар би гүйж явна. Зайсан толгой руу ийнхүү өгсөхдөө уйтгар гуниг болгоноо хөлийн мөртэйгөө цуг гишгүүр бүр дээр үлдээн орхиж, урагшаа зөвхөн урагшаа л гүйх урам зоригоор зүрх сэтгэлээ цэнэгдлэнэ. Мөрөөдөлдөө үнэнч байхад надад цэнэг хэрэгтэй, сэтгэлээ цэнэглэхэд надад итгэл хэрэгтэй. Энэ итгэлийг хүнээс сонсож биш, зөвхөн мэдрэхүйгээр л дамжин ойлгох буй за.
***

Зайсанг толгой дээрээс Улаанбаатар хот утаан дундаа униартан харагдаж, миний толгойд “одоо ийм байгаа нь юм чинь өвөл хаана очиж амьсгалана даа” гэсэн бодол төрөн, үүнээс үүсэх айдас өөрийн эрхгүй хоолой руу огшин гарах үеэр энэ бодлоо хүчээр шүлтэйгээ залгин, хурдаа нэмсхийгээд шатаар уруудан гүйлээ. Элдвийн зүйл бодож, хавийн юм эргэцүүлээд байвал хамаг РАМ дүүрэхээс гадна ХАРД ДИСК-ны багтаамж хүрэхээ болих тул өмнө минь байгаа үүрэг хариуцлагаа ухамсартайхан шиг мэдрээд, мөрөөрөө явюу гэсэн ганц шийдэлд хүрсэн нь ийнхүү хэрэгжиж эхэлж байгаа ажгуу.
***

Ажил цаг эхлэхээс өмнө голын эрэг даган Лондон Айя, Биг Бенийний хажуугаар гүйхэд ямар олон залуус тэр хавиар бэлтгэл хийн гүйж харагддаг билээ. Гэтэл Зайсангийн тийшээ хагас цаг гүйхэд зөрж өнгөрөх нэг нь дандаа өвөө эмээ нар байх бөгөөд нэг л эрч хүч муутайхан шиг дүнгэр дүнгэр алхасхийгээд зөрөх юм. Эрчтэй хүчтэй, чадалтай омогтой залуус нь бүгд л фитнесст бэлтгэл хийдэг болж орхисон юм байхдаа.
***

Friday, October 19, 2007

Morituri te salutamus

Амьдарлын шуурганд зад ниргүүлэв. Анхны цалин буугаад оройдоо дуусах шахав. Ирэх хоёр долоо хоногт үдийн цайгаараа Зочин буузны үүд сахих нь даанч тодорхой болжээ. Амьдрал ч зочин буузнаас ч амттай байна шүү. Амьдарлаас ингэж их цусалж яваад пологтох вий дээ. :D

Saturday, October 13, 2007

Бүргэд

Олон мянган жилээр, магадгүй олон зуун мянган жилээр хөх тэнгэрээс, тэртээх өндөр дээрээс хүн төрөлхтөний хөгжилийг харсаар ирсэн амьтан бол бүргэд юм. Бүргэдийн үүр нь өргөн хавцалын цуурхай, хадан цохионы орой, эсвэл хүн төрөлхтөн хэзээ ч очиж үзэж чадахааргүй тэр өндөрт өргөгдсөн нэгэн газар байдаг биз. Хэрвээ хүн болгон очиж, дуртай нэгэн нь авиран гарч үүрэн дахь амар амгалан байдлыг нь алдагдуулвал бүргэд яах байсан бол?

Би Канадын Индианчуудтай завиар аялаж байхдаа анх цагаан толгойтой бүргэдтэй дайралдаж билээ. Хэдийгээр намайг хэн гэдгийг, гүн харанхуй ой дундуур урсах гол дээр юу хийж байгааг тэрээр мэдэхгүй ч дээгүүр минь эргэлдэн нисэж байсан юм. Индианчуудын үгээр бол бидэнд аян замд сайн явахын ерөөл дэвшүүлж байсан бололтой. Үнэндээ би тэр үед бүргэдийг хэлийг мэддэгүй байлаа.

Индианчууд бол гайхалтай хүмүүс гэж би боддог. Хэдийгээр өнгөрсөн болоод эдүгэгийн эдийн засгийн хандлагийг мэдрэн, мөнгөний хэлээр ойлголцож топ аравт тооцогдох корпораци байгуулж аль эсвэл тооны хэлийг сурч, байгалийн шинжлэх ухааны хуулийг судлан үүн дээрээ үндэслэн нээлт хийж байгаагүй ч, тэд өөрсдийн амьдарч буй орчин тойрноо хэнээс ч илүү ойлгон, төрөхөд нь гараа дэлгэж, хүлээн авсан эх дэлхийн хэлээр ярьж чаддаг ард түмэн юм. Тиймээс ч тэр үед бүргэдийн юу гэж хэлэх гээд байгааг мэдэж байсан байх. Хэдэн мянган жил ой ширэнгэд амьдрахдаа эр зоригоороо шалгаран гарч, шулуун шударга болсон тэдний зан нь бүргэд гээч энэ тэнгэрлэг амьтантай ойр байсан болоод тэд бүргэдийн хэлийг илүү ойлгодог болсон ч байж магадгүй.

Photo Sharing and Video Hosting at Photobucket

Бүргэд бол өөрийн гэсэн зарчимтай, сонгосон л бол түүнээсээ хэзээ ч буцахааргүй ааш араншинтэй амьтан гэж надад санагддаг. Харин хун шувуу бол өөр. Хос хунгийн дууль дээр гардаг шиг хун шувуудыг би хосоороо нисцгээдэг шиг төсөөлдөг юм. Гэвч бүргэд болгон ганцаараа нисдэг билээ. Ганцаараа нисэж ч байсан, ганцаараа ниссээр ч төгсөнө. Энэ бол байгалийн хууль гэхээсээ илүү өөрийнх нь сонгосон зам ч байж болох юм. Аль эсвэл хоёроороо ижилдэн нисвэл хун шувуу шиг сул дорой болно гэж, хоёулаа болчихвол түүний эрх дураараа дүүлэн нисэх боломж нь боогдно гэж айхдаа л ганцаараа нисдэг юм болов уу. Тиймээ бүргэд дандаа ганцаараа л нисдэг. Ганцаараа ч ниснэ.

Бүргэдийн агаарт шумбан нисэж байхыг нь харахад далавч заяагаагүй төрсөн хэдэн тэрбум амьтдыг шоолон инээж байгаа юм шиг надад санагддаг. Ингэж нисэхдээ тэр дэндүү эрх чөлөөтэй харагдаж, миний атаа хорслыг яаж их дэврэгдэг гээ. Гэхдээ заримдаа тэртээ өндөрт эргэлдэн нисэхийг нь хараад, хойморт аагтай шаргал цай ойчиж суугаа нас өндөртэй аав минь сэтгэлд минь буудаг юм. Өндөр дээрээс бүхнийг тольдохдоо ядууг нь ядуу гэхгүй, баяныг нь баян гэж ялгалгүй нэг жинлүүр дээр хардаг нь надад аавыг минь санагдуулж орхидогоо.

“Чи яагаад өөрт тохиолдсон бэрхшээл зовлонгоо хуваалцаж, сэтгэлээ нээдэггүй юм” гэсэн асуулттай би нижгээд удаа тулгарч явлаа. Хэрвээ би бэрхшээлтэй учрах болгонд бусдад ярин тусламж эрж, асуудалд үүсэх тоолонд хүмүүст илчилж сэтгэлээ онгойлгоод байвал би чинь “хэн ч биш” болно шүү дээ.
Бүргэд ч гэсэн өөрийн шаналал зовлон болгоныг бусдад дэлгэдэггүй юм. Хахир өвлийн хүйтэнд даарлаа гэж гангинаж, дулаацлаа гэж баярладаггүй юм. Хөлдөж үхэх дээрээ тулвал өндөр дээрээс тэр чигээрээ унаж үхдэг юм. Хөгширөхийн эцэст хоол олж чадахааа болихдоо тэр үүрэндээ гонгоноод суудаггүй юм. Хоолоо хайсаар тэнгэртээ л насан эцэслэдэг юм. Энэ нь л бүргэдийг бүргэд болгож бусдаас ялгаруулж байдаг.
Одоо бодохнээ бүргэдийн үүрэн дээр хүн болгон очиж, дуртай нэгэн нь авиран гарч үүрэн дэхь амар амгалан байдлыг нь алдагдуулаад байвал энэ бүхнээс холдохын тулд бүргэд тэнгэртээ дүүлэн нисэж, эцсийн хүчээ дуустэл эрх чөлөөгөө тэнгэртээ эдлэх байсан байхаа.
Энэ сэтгэлийн тэнхээтэйг нь харуулах шинж чанар бүргэдэд байгаагүй бол магадгүй бүргэдийг би үзэн ядах ч байсымуу хэн мэдлээ. Тиймээ, эрх чөлөө, эр бярын бэлэг тэмдэг болсон энэ амьтанд би дурлаж орхижээ.

2003 онд Канадын Ванкуварт 330км-г Индианчуудтай хамт завиар туулахдаа авахуулсан зураг. 6-н завьны 60-д хүн явахад би олон улсын завинд нь сууж явсан билээ.
Photo Sharing and Video Hosting at Photobucket

Wednesday, October 10, 2007

I am being poor I have only my dreams to keep alive.


"I am being poor I have only my dreams to keep alive." гээч энэ өгүүлэлийг би 6-р сарын 14-нд бичиж байсан юм байна. Яагаад ч юм бэ өнөөдөр энэхүү өгүүлэл дээр гарах багшаасаа эмайл аваад түүнийг дахин дурсан энэхүү бичлэгийг та бүхэн тавихаар шийдлээ.

"I am being poor I have only my dreams to keep alive"
Бүрхэг тэнгэр дээр бүүдийж, хүйтэн салхи гадаа үлээж байгаа хэдий ч миний сэтгэл дотор тайвширч, оюун бодол төвлөрсөн үнэхээр тааламжтай сайхан өдөр байна. Инээснийг асуу, уйлсныг бүү асуу гэдэг. Иймээс та бүхэнтэй өөрийн аз жаргалыг хуваалцахаар шийдэв. Өнөөдөрийн сэтгэлийн баясалд автан, мөрөөдлийн далайд умбаж байгааг өчигдөргүйгээр тайлбарлах хэцүү тул өчигдөр юу болж өнгөрснийг энд цухас бас дурьдюу.

Миний хүндэтгэж явдаг хүмүүсийн дотор Антрапологийн нэг багш маань байдаг юм. Тэрээр бидний сайн мэдэх Халтар Царайтын эх нутал болох Венесуэлийн иргэн бөгөөд ээж нь Америк тул Америкийн бас давхар иргэншилтэй. Аав нь харин Франц тул Францийн бас иргэншил байдаг. Би багштайгаа эхний күрсээ төгсөөд л нум сум хийх төсөл дээр хамт ажиллаж эхэлсэн. Монгол маркийн нум сум хийх төлөвлөгөөгөө үргэжлүүлэн энэ зун бид хоёр дахиад л ажиллаж байна. Өдөр болгон түүний гэрт очин нум сумныхаа модыг янзалж, бусад жижиг сажиг зүйлсийг цэгцэлнэ. Түүний гэр гэж тэр чигээрээ музей. Бараг 150-д нумтай, түүнээс бараг 2 дахин их сумны цуглуулгатай. Дээр нь нэмээд индиан омгийн түмэн маск, хэрэглүүр гээд ханаар дүүрэн үзмэртэй. Багш маань өөрөө болохоор ан агнаж, ангийн махны тусгай зоорьтой. Тэр хүртэх дарсаа ч хүртэл өөрөө нэрнэ, уух пивоо ч бас өөрөө исгэнэ. Тэднийх байх таваг, аяга сэрээ болон хоолны хутгуур бүгд гараар хийсэн модон эдлэлүүд. Сууж байгаа сандал, гэрт байгаа ширээ нь бүгд түүний бүтээл.
Өчигдөр би түүний гэрт очин хийж авчирсан сандвичээ хувааж, түүний дарсан дарсаар даруулж идэв. Ингээд хоёул нэг нэг нум авч, тус тусын 6-н сумтай саадагаа агсан гарч, гадаа байдаг бай руу хэдэн сум нүүлгэхээр зэхлээ. Хорин хэдэн метрийн цаанаа байгаа теннисний бөмбөгийг түүний зургаан сумны аль нэг зоолттой онож орхино. Миний харваж байгаа сумнууд бол сураггүй шүү. Хамгийн ойрхондоо 5-н санж сөрж, өлгөөстэй бөмбөгний гадуур нь харвах тул хэн нэг нь хажуунаас харвал миний туршлагагүйг сумны минь бууж байгаа байнаас хараад л мэдэх вий.
Хагас цаг хэрүй харваж бэлтгэл хийчихээд нум сум хийх ажилдаа дахин шаргуу орлоо. Манай багш маань ч нум сум гэхээр бараг зүрх нь цохилж судас нь гүрийж иртлээ сонирхдог нэгэн. Ийм ч учраас хорвоогийн тоос хөдөлгөх хүн бүр өөрсдийн хийж буй ажилдаа түүн шиг сэтгэл зүрхээ зориулж байвал хичнээн сайхан байх вэ гэж би хааяа боддог юм.
Цаг ч гэрлийн хурдаар өнгөрч оройн хоолны цаг болох үед хоёул хоол хийхийн оронд пиво эсгэхээр бэлдэж эхэллээ. Пиво нэрэх процес нь тийм ч хэцүү биш л дээ. Хоёр цагт багтааж бүтэн 5 галлон пиво бэлдэж орхино. Хамгийн гол нь бэлдсэн бэлдмэл маань хорин хоног исэж байж л жинхэнэ сайж пиво болно доо. Дэлхийн өнцөг булан бүрийн мянга мянган төрлийн пиво амсаж байсан боловч түүний нэрсэн Russian Emperial гэдгийг би шилдэгийг шилдэгт тооцодог л доо. Russian Emperial бол 12-с их градустай пиво. Ганц шилийг уухад л дотор халууцаад эхлэдэг шүү. Ингээд бид хоёр пиво-ны найрлагыг бүгдийг нь хийж бэлдчихээд оройн хоолонд бугын зөөлөн мах шарж зооглов. Махтай хольсон амтлагч, гал дээр шарсан хугацаа нь яг таарч бугын махны амт ч ёстой “жаргал гээч нь энүү дээ” гэмээр сэтгэгдэл төрүүлж байв. Бүтэн өдөржин хамт байсан тул бид хоёр туулж өнгөрүүлсэн амьдарлаа ярин өөрийн үзэл бодлоо улс төр, амьдрах ухаан гээд л бүх төрлөөрр илэрхийлж нэг нэгэндээ нөгөөхөө нээн таних боломж олгож байв. Түүний нэрсэн дарс гал дээр тос нэмэн, бидний яриаг улам сонирхолтой болгон идэвхижүүлнэ.
Түүнээс сурсан нэг зүйл гэвэл “юу ч байсан хамаагүй, хэр мөнгө олох нь ч бас хамаагүй өөрийнхөө дуртай ажилыг хийж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэ” гэсэн амьдарлын философи юм.

Доорх зурган дээр түүнтай хамт хийсэн нумаараа харваж байгаа нь.
Photo Sharing and Video Hosting at Photobucket