Friday, November 06, 2009

Намрын дунд сарын шинийн 17 шүү дээ хөө

Намрын дунд сарын шинийн 17-ны бэлэг дэмбэрэлт өдөр Балжинням, Дашням хоёр бурхан уулзалдаж, буурал хорвоо дээрх хүн бүрт юу бэлэглэгж, юу заяах вэ гэдгээ хэлэлцдэг юм гэнэ лээ. Энэ өдөр өглөөний наран урган мандахтай уралдан залуу хосууд гэрлэлтээ батлуулж, ариун сэтгэлийн бэлгэдэл болсон хатансүйх бөгжөө солилцон гал голомтоо асаадаг ариун ёсон байдаг билээ.
Энэхүү өлзийт сайн өдөр би гэж хүн хэдэн найзуудын хамт өглөөнөөс үдийн бүрий хүртэл өгөөж арвин тансаг говиор тоос манаруулан давхиж өнгөрүүллээ дээ хөө. Ээ тэнгэрийн хаяанаас тэнгэрийн хаяа руу довтолгон явахад “Говь гэдэг нь говь билээ, говь заримдаа” гэсэн шүлгийн мөрт бодолд бууж, хэн нэгэн гаднаас харвал намайг ёстой л эрх чөлөөг амтлан амтлан тамшааж явнуудаа гэмээр нүүр дүүрэн баясалтай явлаа хөө. Ээ тэнгэрийн хөлөөр өнгөрсөн хөвөн цагаан үүлийг ширтэн давхихнээ нэгэн ариун агшин сэтгэлд бууж, тэртээ холоос нэгэн сэтгэл дуудан байна уу даа гэсэн мэдрэмж дотор гижигдэн байв шүү дээ хөө.
“Хүслэн татсан амраг тэр минь хөө
Хүрэн зүрхний уяа юу даа хөө”

Өглөөдөө аймгийн төв болох Даланзадгадаас эхэлсэн аялал маань уул уурхайн хэд хэдэн компаниудаар дайрч, чинагш Ханбогд суманд очиж байж өндөрлөлөө хөө. Ээ бид Ханбогдод хийх уулзалтаа дуусгаад Говийн ноён хутагт Данзанравжаагийн анх суурийг нь тавьж байсан Дэмчигийн хийдийн зүг уул даван давхиж гарваа хөө. Ээ зам ч гэж там юм байна лээ, гэхдээ зорилго байгаад зориг байхад чулуудын оройгоор жийптэй дүүлээд дүүлээд жигүүртэй юм шиг л явдаг юм байна лээ хөө. Ээ баруун зүүн байн байн мушгиж, байсхийгээд нам тоормослож донсолгоо гаргахын хажуугаар нам жимийг эвдэн машин дотроо дуулан давхисаар Дэмчигийн хийд орлоо доо хөө. Ээ одны хөлөөр өнгөрсөн орог шаргал үүлэн доор дээш доош савчин, баруун зүүн сэгсчүүлэхэд, яагаад ч юм бэ бодолд бууж буй түүнийг өр зүрхнээс холдуулж чадахгүй л байв шүү дээ хөө.
“Алсран холдсон хонгор минь хөө
Алаг зүрхний янаг минь ээ хөө”

Дэмчигийн хийдийг хувьсгалын үеэр үгүй хийсэн ч буурь гээч зүйл үлдсэн байна лээ хөө. Ээ сайн цагийг бэлгэдэн, бурхадыг хуруулж, буяныг аривжуулахаар буурин дээр нь их цагаан суварга босгосон байна лээ хөө. Ээ суваргын дэргэдэх, босоо өндөр чулуун дээр зогсож, сарны хөлөөр өнгөрсөн шаргал цагаан үүлний цаанаас мандан гарах намрын дунд сарын шинийн 17-ны саран авхайг ширтэн суухнээ зүрх гээч булиглаж, сэтгэл гээч гэгэлзэж, санахын жаргалыг эдлэлээ шүү дээ хөө.
“Санан гансран мөрөөсч сууна аа хөө
Саран чамдаа тэмүүлнэ дээ хөө”

Дэмчигийн хийдийн буурийн өмнөхөн нэгэн айл гал голомтоо шинээр асааж, ирээдүй хойчид ихэд аз жаргалтай байхыг бэлгэдсэн нэгэн сайхан найран дээр явж ороод ардын дууны аль аз жаргалтай, аль бэлэг дэмбэрэлтэй гэснээс сонгон байж аяны дугараа өргөн найранд дуу нэмлээ дээ хөө. Ээ зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад амьдрах шиг сайхан юм гэж энэ хорвоо дээр хаа байхав дээ хөө. Энэ өдөр сэтгэлээн холбож, гал голомтоо асаасан хүн бүхэнд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
“Буцан харьсан учрал ирнээ хөө
Булгих зүрхэн жаргаана шүү дээ хөө”

Ай амьдрал минь! Хоёр жилийн дараа ургах нартай уралдан байж Чарлес голоор завь чамайгаа унан, сэрүү татуулан сэлүүрдэж байх болноo хөө. Тэр хүртэл зүрх юуган чангалж сэтгэл юуган барьж, урьдах ажилдаа шамдьюу би.

Дэмчигийн хийд 2009 оны 10-р сар

Thursday, November 05, 2009

"Би Чадна"-н төлөө ЗА гэж хэлцгээе!


"БИ ЧАДНА” хүүхдийн бие даан хөгжих төв маань Баянзүрх дүүргийн 2, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 6-17 насны хүүхдүүдэд үйлчилгээгээ хүргэсээр өнөөг хүрлээ.


Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүх үйлчилгээ өнөөдрийг хүртэл бүгд үнэ төлбөргүй явсаар ирсэн билээ. Сүүлийн жилд энэ төвөөр олон зуун хүүхдүүд үйлчлүүлж, уг төвөөс зохион байгуулагдсан үйл ажиллагаанд хамрагдсан. Тус төвөөр жилийн хугацаанд байнгийн гэж болохоор 70-80 хүүхдүүд үйлчлүүлдэг болсон. Энэ бол бид бүхний ирээдүй хойчдоо хийх бага ч болтугай хөрөнгө оруулалт юм.



Гэтэл санхүүгийн хүндрэлийн улмаас тус төвийг тэтгэж байсан тодорхой санхүүгийн эх үүсвэрүүд хаагдаж, улмаар энэ төв маань хаалгаа барихад хүрээд байна. Гэвч "БИ ЧАДНА" төвийн үйл ажиллагааг цаашид үргэжүүлэх хүсэлтэй залуус байгаа бөгөөд зохих санхүүжилтийг олж, 12 сарын 1-ны өдөр гэхэд тус төвийг эргэж сэргээн цаашид төвийн найдвартай ажиллагааг хангахад зүтгэхээр санаа бодол нэгдээд байна. Энэхүү зорилгын төлөө та ч гэсэн санаа бодлоо илэрхийлж, төвийн үйл ажиллагааг доголдолгүй, тогтвортой явуулахад, ялангуяа төвийн урсгал зардлыг санхүүжүүлэхийн тулд юу хийх боломжтой, бас төвийг үйл ажиллагааны чанарыг сайжруулахад юу хийж болох тал дээр бидэнд зөвлөгөө өгвөл бид баяртай байх болно.

Мэдээж энэ төвийн үйл ажиллагааг дэмжиж та хандив өргөхийг хүсвэл Обод-той obod1130@gmail.com эмэйл-р холбогдох боломжтой. Танд баярлалаа.

Монголын минь ирээдүй гэрэлт наран мэт мандан бадарч байг!