Saturday, October 26, 2013

Thursday, October 24, 2013

Бид төөрчихсөн хүмүүс биш ээ

"Бид төөрчихсөн хүмүүс биш ээ" гэсэн гарчигтай нийтлэлийг УИХ-н гишүүн Батчимэг бичсэн байна. Олон хүн олж үзэж, тавьсан асуудлын талаар тунгаан бодоосой гэсэндээ энд хуваалцаж байна.

Бид төөрчихсөн хүмүүс биш ээ
Сүүлийн хоёр сарын турш олон нийт, хэвлэл мэдээллийн анхааралд байсан халуун сэдвийн нэг нь эдийн засаг хямарсан эсэх тухай маргаан байлаа. Элдэв оршилгүй шуудхан дүгнэхэд, Монгол Улсад өнөөдөр эдийн засгийн хямралаас илүүтэйгээр Засаглалын хямрал нүүрлэчихээд байна. ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ Монголд “төрийн алба -төрлийн алба” болсоор уджээ. Түүгээр ч зогсохгүй төрийн алба төрөөс ашиг хайгчдын алба, нийгмийн баялгийг хамаатан садан, танил талаараа хуваарилах бүтэц болон хувирлаа. Авилгад автсан, улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн барьцаанд орсон, тэдгээрийн явцуу эрх ашигт дөрлүүлсэн төрийн алба өнөөдөр улс орны хөгжлийн хөшүүрэг гэхээсээ иргэд, хувийн хэвшлийнхний урагшлах замын саад тотгор, нийгэмд тэгш бус, шударга бус байдал газар авах хөрс суурь болжээ. Түмний үйлсэд сэтгэлээрээ зүтгэж яваа хүмүүс олон байгаа ч бодит амьдрал дээр төрийн алба тогтолцоогоороо ужиг өвчинд нэрвэгдээд байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга бидэнд үлдсэнгүй. Хариуцлагын тогтолцоо сул, ёс зүйн наад захын шаардлага хүртэл мартагдаж хаягдсан төрийн шат шатны байгууллагууд увайгүй хүмүүсийн эрээ цээргүй аашлах таатай орчин болж, иргэд олон нийтийг бухимдуулж байна. УИХ, Засгийн газрын гишүүдээсээ эхлээд төрийн бүх байгууллагууд хуулийг хэрхэн үл тоомсорлож, авилгад автаж ирснийг, хариуцлагагүйн балчигт живсэн засаглалын эргэн тойронд хэр баргийн хүнээс амархан гарахааргүй ёс зүй, хүн чанаргүй үйлдэл хэрхэн цэцэглэх болсныг хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж буй албан тушаалтнуудын хэргүүд, өнөөдөр ч шил шилээ даран сонсогдсоор, илэрсээр буй улс төрчид, хурган дарга нарын чих халууцуулсан үйлдлүүд бэлхнээ харуулна. Ужиг өвчинд нэрвэгдсэн, уух идэх нь дийлдэхгүй болсон төрийн алба өнөөдөр Монголын эдийн засгийг бүхэлд нь ганхуулж байна. УИХ, Засгийн газар сүүлийн арав шахам жил дараалан гаргасан тооцоо судалгаа муутай гэнэтийн огцом шийдвэрүүдээрээ бизнесийн орчныг бүхэлд нь түйвээж, Монгол Улс гадаадын ч, дотоодын ч хөрөнгө оруулалтад хамгийн ээлгүй орчин болж хувирав. Төрийн зардал, төрийн өмч, эдийн засаг дахь төрийн оролцоо цаг минутаар данхайж байна. Монголд буй болж байгаа баялгийн бараг тэн хагас шахуу мөнгийг төр татвар нэрээр хураан авч ашигтай ашиггүй зүйлд цацаж байна. Төрийн өмч ерээд оны эхээр хувьчилсан хөрөнгийн хэмжээнээс хэд дахин давжээ. Харамсалтай нь энэ өмчинд сэтгэл гаргах эзэн байхгүй, төрийн бараг бүх бизнес алдагдалтай. Хөл дээрээ зогсох гэж тэмцэж байгаа Монголын хувийн хэвшил, хувийн бизнес эрхлэгчид албан тушаалтнуудын царай харж аргыг нь олохгүйгээр, төртэй ямар нэг бизнесийн хэлцэлд орохгүйгээр өөрийнхөө хөдөлмөрөөр баялаг бүтээх тухай зүүдлэх ч боломжгүй шахуу болж. Энэ мэтээр тоочоод байвал төр хэрхэн хөгжлийн чөдөр тушаа болж байгаа тухай жишээ баримттай дүгнэлтийг хэдэн нүүр дүүргэн бичиж болно. ШАЛТГААН НЬ ЮУ БАЙВ? Энэ бүхний бурууг бид юуны өмнө эрх барьж ирсэн улс төрийн хүчнүүд, тэдгээрийн удирдлагуудад тохож болно. Тэдэнд энэ хариуцлагаас зугтаж нуугдах газар байхгүй. Өнөөдөр байдал ямар байгааг мэдэхийн цаагуур мэдсээр байж улс орныхоо үсрэнгүй хөгжлийн суурийг тавьчихсан мэтээр хэвлэлийн хэдэн нүүр дүүргэн сайрхах ёс суртахууны эрх ч тэдэнд байх ёсгүй. Гэхдээ харамсалтай нь хэдэн улс төрчийг буруутгаж, нэгийг нөгөөгөөр сольсноор байдал тэгтлээ сайжирчихгүй гэдгийг амьдрал харуулж байна. Монголд нүүрлээд байгаа Засаглалын хямрал бол хорь гаруй жил үргэлжилж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн шилжилт дуусаагүй, улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа болж чадахуйц төрийн механизмаа бүрдүүлж амжаагүй байгаагийн илрэл гэж үзэж байна. Бид олон жил бодит байдлаас нүүр буруулж, шаардлагатай шинэчлэл, тогтолцооны өөрчлөлтөд шамдах бус, удаашруулсны үр дагавар гэж үзэж байна. Төрийн албан тушаалыг танил талдаа, намын гишүүддээ өгөөд байгаа нь намын дарга нарын буруу гэхээс илүүтэй үнэхээр чадварлаг хүмүүсийг шаардлага хангах шударга шүүлтүүрээр шүүн тогтоож, хүний нөөцийн сан үүсгэдэг, түүнээс нь төрийн байгууллагууд ил тод шалгуураар шилж сонгож ажиллуулдаг хүний нөөцийн тогтолцоо Монгол Улсад байхгүй байгаагийнх. Үнэн хэрэгтээ чадварлаг сайн хүмүүсийн эрэлд хатсан дарга нар хаа сайгүй л байгаа. Сайн гэдгийг нь нотлоод өгдөг шалгарсан найдвартай тогтолцоо нь байхгүй болохоор “танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэдэг сонголт хийх нь олон. Тендерийн шалгаруулалтын ил тод сайн механизм, төсвийн байгууллагуудын “шилэн данс”-ны тогтолцоо манайд эрт бүрдчихсэн бол түмний нүдэн дээр намынхандаа, эсвэл хамаатан садан, найз нөхөддөө төсвийн хөрөнгийг тараагаад өгөх бөх зүрхтэй даргын тоо өнөөдрийн хэмжээнд хүрэхгүй байсан бизээ. Улс төрийн нам уг нь юуны өмнө бодлогын байгууллага байх учиртай. Намууд олон нийтийн санаа бодол, улс орны хөгжлийн боломж нөөц гээд олон зүйлийг судалж нягталж байж шигшиж тунгаасан бодлогоо гаргадаг, хоорондоо цэц мэргэнээ уралдуулж, ялсан нь тэр бодлогоо хэрэгжүүлдэг байх ёстой. Ийм л тогтолцоо руу бид зорьсон. Үүний тулд хориод жилийн өмнө олон намын тогтолцоог бий болгосон. Бас намууд тэр бодлогоо ойлгож хэрэгжүүлэх мэдлэг чадвартай улс төрийн шийдвэр гаргагчдыг бэлтгэж байх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр улс төрийн намууд анхны зорилгоосоо ямар их гажчихсан явааг бид мэдэж байгаа. Улс төрийн намууд бодлого, судалгаа сайтай байсан бол, юунд зорьж хаашаа явж байгаагаа олон нийтээр нухацтай хэлэлцүүлдэг, үйл ажиллагаандаа бодитой үнэлгээ өгдөг тогтолцоотой байсан бол арай ч өнөөдрийнх шиг социализмын үеийнхээсээ давсан төрийн өмчтэй болохгүй байсан биз. Төрөө улам данхайлгасан бодлого, хуулиуд ар араасаа үйлдвэрлэгдэхийг ч хараад суухгүй байх байсан. Иймээс хориод жилийн өмнө эхлээд гүйцээж чадаагүй яваа засаглалын тогтолцоо, түүний салаа мөчрүүдээ шинэчлэх, боловсронгуй болгох ажилдаа эргэн орох нь юу юунаас чухал санагдана. “Шилжилтийн үеэ дуусгачихсан, одоо өөрсдийгөө бус, эдийн засгаа засъя” гэсэн гэнэн дүгнэлтээ эргэн харж “засаглалаа засварлах” ажилд нухацтайгаар ханцуй шамлан орох цаг болжээ. ХААНААС ЭХЛЭХ ВЭ? Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах хуулийг яаралтай батлах санаачлага гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан. Өргөн барьсан хуулийн эхний төслийг анхааралтай уншвал үнэн хэрэгтээ хөрөнгө оруулалтын бодлого гэхээс илүүтэй “засаглалаа засах” шаардлагыг илүү мэдэрсэн, төр өөрийнхөө үйл ажиллагааны тогтвортой байдалд амлалт өгсөн хууль орж ирсэн юм. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалтын “доголон хууль” орж ирлээ гэдэг шүүмжлэл дагуулсан ч нөгөө талдаа Засгийн газар, УИХ бодит байдалд нухацтай дүгнэлт хийж байгаагийн дохио болсноороо ач холбогдолтой. Гэхдээ бид асуудлаа цогцоор нь харж, улс төрийг хариуцлагагүй, тогтворгүй болгож байгаа, өвчнийг ужигруулж байгаа шалтгаанаа зөв тодорхойлж эмчлэхгүй бол өндөр халуурлаа түр зуурын эмээр дараад нэг их хол явахгүй. Дээр хэлсэнчлэн, төрийн албаа, тендер шалгаруулдаг, төсөвт хяналт тавьдаг тогтолцоогоо, улс төрийн намуудаа шинэчилсэн шиг шинэчилж, байх ёстой гольдролд нь яаралтай оруулахгүйгээр өнөө маргаашийн ганц нэг тоогоор өөрсдийгөө хуурч, цэц булаалдаж сонгуулиас сонгуулийн хооронд амь зогоогоод Монгол Улс хөгжихгүй. Уг нь энэ бүх шинэчлэлийг хийхгүй гээд байгаа хүн бараг байхгүй. Гэхдээ хариуцлага нь хаанаа яваа, хэн нь түүнийг нэхэж тооцох нь тодорхойгүй болчихоод байгаа өнөөгийн улс төрийн орчинд эдгээр шинэчлэлийн бодлого хэзээ мэндлэх, мэндэлсэн ч хүссэн хэмжээнд гарч чадах эсэх, гарсан ч хэрэгжих үү үгүй юу гэдгийг ёстой л “би таашгүй”. Тиймээс Монгол Улс хаашаа явахаа шийдэх хувь заяаны салаа зам дээр зогсч байгаа энэ үед засаглалын хямралыг цэглэх ажлыг өнөөдрөөс эхлэх нь чухал байна. Эхлэх эхлэхдээ Их хурал, Засгийн газраасаа эхэлмээр байна. Их хурал нь эрх барих дээд байгууллага биш, Засгийн газар нь гүйцэтгэх байгууллага биш болж УИХ, Засгийн газар бантан болтол холилдсон, яван явсаар Засгийн газар нь Их хурлынхаа дээр гараад суучихсан засаглалын завхралыг засахаас эхлэх ёстой. Монголд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын зааг байхгүй болж, үүний уршгаар эрх мэдэл цөөн хүний гарт төвлөрч, засаглалын зарчим ноцтой гажуудсан аюултай ухралт буй болсныг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх учиртай. Улсын Их Хурал 76 гишүүнтэй. Гишүүн бүр Үндсэн хуулиар баталгаажсан тэгш эрх, үүрэгтэй. Бүгдээрээ нийлээд өөрсдийн итгэл үнэмшлээр иргэдийнхээ эрх ашгийг төлөөлсөн хууль, бодлого батлах учиртай. Түүнийг хэрэгжүүлэх ажлыг УИХ-ын шийдвэрээр байгуулсан Засгийн газар хэрэгжүүлж, хэрхэн хэрэгжүүлж байгааг нь мөн л ард түмний төлөөлөл болсон УИХ хянаж, алдаа гаргавал хариуцлага тооцож явах учиртай. Уг нь дээрх логикийг нуршаад байх шаардлагагүй бүгд л мэднэ л дээ. Гэхдээ өнөөдөр Монголд ийм тогтолцоо хэлбэрийн төдий л үлдэж, хариуцлагын механизм ажиллахаа больжээ. Намуудын хамгийн нөлөөтэй, туршлагатай гишүүд нь бүгд Их хуралд орж, давхар сайд болж, дарга уу, цэрэг үү гэдэг нь ойлгогдохгүй болчихоор амьдрал өөрөөр яаж ч өрнөх билээ. Зүй нь улс төрд чанагдсан эдгээр хүмүүс Засагтаа юу хийхийг нь зааж чиглүүлээд, хянаж шаардаж, ажиллуулсан шиг ажиллуулж явбал хариуцлага гэдэг зүйл арай бодитой болж ирэх бус уу. Энэ намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гаднаас томилдог болохоор тусгасан байгаа. Энэ хуулийг хэлэлцэн баталж байж дараа дараагийн шинэчлэлийн ажил бодитойгоор урагшлах нөхцөл бүрдэнэ. Гэхдээ төсөлд хуулийг 2016 оны сонгуулийн дараагаас дагаж мөрдөхөөр тусгасныг 2014 он болгож батлах нь зүйтэй болов уу. Асуудал хаана үүсч, хүндэрч байгааг мэдсээр байж Ардчилсан нам, УИХ-д суудалтай бусад намууд, сонгогчдын итгэл хүлээж сонгогдсон гишүүд ирэдүйгээ бодсон энэ шийдвэрийг гаргахгүй удвал дэндүү хариуцлагагүй явдал болно. Асуудлыг шийдэж зориглохгүй дахиад гурван жил болбол түүний төлөөс нь дэндүү өндөр болж мэднэ. Аз болоход бид юу хийхээ мэдэхгүй ойд төөрчихсөн хүмүүс биш. Яавал байдал сайжрах вэ гэдэг дээр олон хүн нэгдмэл хариулт өгч байна. Одоо ганцхан улс төрийн хүсэл зориг, олон нийтийн шахалт дэмжлэг л чухал байгаа үе. Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг. Оногдсон хариуцлагаа үүрсэн шиг үүрч, үр хүүхэд маань тайван амьдрах Монгол Улсын төлөө нүүрлээд байгаа Засаглалын хямралд өнөөдрөөс эхлэн цэг тавьцгаая. УИХ-ын гишүүн М.Батчимэг

Sunday, October 20, 2013

Мянган бээрийн тэртээд

Ойрд би гэдэг хүн бодол дотроо эргэлдэж, олон төрлийн ургалч санааг билгийн галд шатаалгүй удсан ажгуу. Удсаар удсаар шалдар булдар санаа бодлоо хэрхэн цэгцлэх ухаанаа мартах шахтлаа удсан ч юм шиг. Сүүлд Бээжингээс ирсний дараагаар зуны саруудад хэтийн төлөв хэр байхыг яахан шийдэх талаар толгой гашилгаж, оюундаа тунгааснаас хойш, нэг их цаг гаралгүй өдий хүрснийг харахад үнэхээр завгүй явсан юм уу эсвэл бодох хүсэлгүй болчихсондоо цаг гаргасангүй юу ямартай ч өнөөдөртэй золгож орхижээ. Магад ч үгүй оюуны бяд шаардсан асуудлууд нэг их гаралгүй явсаар толгой зэвэрсэн байж ч болох юм.
Яасан ч байсан өнгөрсөн хэдэн өдөр олдсон боломжийг алдалгүй ашиглаж, толгойд эргэлдэж буй хэдэн бодлыг билгийн галд өдөржин өрдөж, ганцаар бясалган суух хугацаа гарав. Бодлын хөндийд нааш цааш холхиж, ороо бусгаа орчлонгийн олон асуудлын дундаас өөрөө сонгосон ганц хоёроо тархины нугалаасанд хавчуулан оюуны галаар хайрсан ч, зохих шийдэлийг олж үл барав. Мэдээж өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгэн зэрэг уялдуулан бодож, олон хувилбарыг хослуулан харьцуулж оновчтой шийдлийг олно гэж байхгүй ч, өчүүхэн миний сэтгэлийг баясгах хариултыг гаргах гэсэн ч бяр бяд хоёр хоёул дутаж, ганцаар өнгөрөөсөн өдрийн тоог нэмсээр.
Бостон хотод 2006 онд тэмцээнд ирсэн боловч оролцож чадалгүй буцсан тэр өдөр миний мэлмийд тодоос тод зураастай байгаа нь тэр өдөр хэр их баясч, тэр өдөр хэр их гунисан болохыг бага зэрэг ч гэсэн илтгэх юм шиг. Их сургуульд би хоёр амьдралтай байсны нэг нь завьных, нөгөө нь хичээлийн амьдрал байдаг байв. Завьных гэдгээр гол дээр завинд өнгөрөөж буй, бэлтгэл хийж зарцуулж буй хичээлээс гадуурх амьдрал нөгөөх нь багш нартай хичээл дээр, гэртээ ширээ ард өнгөрөөх тэр цаг. Нэг амьдралын маань ертөнц нөгөөхөөс тэс ондоо, цэвэр биеийн хүч шаардсан, сайн сэлүүрдсэн өдрөө сайхан зантай өнгөрдөг ертөнц байв. Оюуны хүч шаардсан ертөнц маань санасныг бодоход сэтгэл санаа унагааж, дээш доош савлуулдаггүй сайхан амар амгалан ертөнц байсан аж. Бостон хотын энэ тэмцээнд оролцохоор дөрвөн хүнийг дасгалжуулагч маань 16-н хүнээс уралдуулан сонгоход, тэр уралдаанд сонгогдож чадалгүй мултарчихад миний нэг ертөнц орвонгоороо эргэж, тэр даруйдаа сүйрч байгаа мэт сэтгэлээр унаад харамслийн гашуун нулимсууд хацар даган бөмбөрч байхыг би өнөөдрийг хүртэл мартаагүй л явсан. Ингээд сүйрсэн ертөнцөө сэтгэлдээ тээгээд хичээлдээ ороход бусад найзууд маань тэр их гамшиг болсныг нэг ч хүн мэдэхгүй, тэдэнд тэгж сүйрэх ертөнц байдаг эсэх нь мэдэгдэхгүй байж билээ.
Өнөөдөр эх нутгаасаа мянган бээрийн тэртээд хүрч ирээд АНУ-д өнгөрөөсөн амьдралын нэгэн хэсгээ санан дурсаж, олон жилийн өмнө Бостон хотноо оролцож чадаагүй тэмцээнээ эрэг дээрээс харан санааширч зогсохдоо зөвхөн өөртөө амласан тэр амандаа хүрч, сэтгэлийн угт үлдсэн тэр хүслээ гүйцээх гээд явж байна даа. Би гэдэг хүн үргэлжийн мөнхөд өөр өөрөөсөө асуулт асууж явдаг бол өнөөдөр нэг ч гэсэн асуултанд хариулж сууна. Нэгэн улстөрч ”Зориг эс хүрвэл ухаан эс хүрмой“ гэж хэлсэн байдаг юм. Магадгүй эсрэгээр нь "ухаан эс хүрвэл зориг эс хүрмой" гэж хэлж болох авч, үнэхээр хүнд хүсэл зориг байх ахуй дор л тухайн шийдвэртээ хэрхэн хүрэх ухаан урган гарч, хүнийг хандах зүгт хөтлөн явдаг юм болов уу гэж боддог билээ. Хэрэв зориг хүрэхгүй бол шийдвэрт эс хүрч, улмаар ухаан байхын хэрэг юун гэж мунхаг би эргэцүүллээ. Тунгаан соёрх.

Monday, July 01, 2013

Монгол хүнийг ойлгох нь

Монголчууд бид өөрсдийгөө хэн гэдгийг мэддэггүй гэж миний мэдэхээр их л олон хүн яриж байна. Нэг бодлын үнэн үг. Яагаад гэхээр дэлхийд газар нутгийн хэмжээгээр 18-т ордог, хүн амын нягтаршлаар хамгийн багад тооцогддог хэрнээ Улаанбаатар хотод нийт хүн амын тал нь чихээд суучихсан, зам дээр машинтайгаа явж байхдаа бие биенээ завсар зайгаар нь явуулчихаад урагшлахын хооронд заавалчгүй чихээд хаагаад зогсчихдог, сонгуульд мөрийн хөтөлбөрөөр нь биш, ялагдаж байгаад нь саналаа өгчихдөг гээд логикаар тайлбарлахад хэцүү янз янзын түмэн зүйлийн нэгтгэл болсон аугаа комплекс шинж чанарыг дотроо агуулдаг Монгол хүнийг яаж ойлгох вэ гэдэг өөрөө бүхэл бүтэн судлал болох дайтай эд. Би ч бас Монгол хүн, өөрийгөө яаж ойлгох вэ бусдыгаа яаж мэдэх гэдэг дээр уншиж судлаж байгаа зүйл их байна. Саймон Викэм Смит гэдэг залуу Вашингтоны их сургууль Монголын талаар буюу уран зохиолын талаар докторын зэрэг хамгаалж байгаа юм байна. Явуухулан, Дашбалбар, Данзанравжаа гээд манай яруу найрагчдын сод бүтээлүүдийг Англи хэл рүү орчуулж гаргаж байгаа аж. Тэрээр ингэж хэлсэн байх юм.
What’s interesting to me is in Mongolia, people are very much interested in poetry. Poetry is default literature. Whereas in the west, story or novel is the default.[…] . I think that the difference really is in the West, we do not have a real close connection with poetry any longer, but you do. And I wonder why that is. I think what might be part of it is that we have a sedentary culture, […] whereas nomadic way is such that if you have bunch of books or even ipad is an extra material to carry around. So it all has to be in the head. So in order to remember things you need to make it memorable. So the idea of remembering by poetic language which presumably the original form of poetry, we have to remember epic and history. So you made it into beautiful poetry that we can remember with a scemer like a “Sul Tolgoi??”. But this has been lost in the west because we had centuries of books and now we have the internet, now we have the fantastic invention of computers. But here the computer is maybe not new but you still have a very strong oral culture and very strong nomadic sense even for people who lived all their lives in the city. Even way the language is formed the way two verbs working together – this is very interesting poetic way of doing it.
Монголчуудыг ойлгох нэг гол суваг бол яах аргагүй уран зохиол. Манай ард түмэн урлаг уран зохиолыг нобелийн шагнал авах хэмжээнд хүртэл өргөж, хөгжүүлсэн авч эргээд шинжлэх ухаан техник талыг орхигдуулсан байгаа. Хаа ч газар очсон манайх шиг өргөн дэлгэр дэнж доргиох найр наадам тун ховор, мэдээж нэг хүнд ноогдох ДНБ-тэй харьцуулж яриж байгаа юм шүү дээ.
I think outside the range of Mongol studies, I think people in the west is inherently fascinated by Mongolia. It’s like Mars or Jupiter. I think this literature is somehow able to speak about Mongolia and about nomadic heart of Asia. Even for people who have to work in politics or in economics or biodiversity, in order to properly understand that they need, in my opinion, they need underpinning of culture and this culture is really expressed in literature.
Яг цааш нь ярих гэж байтал Жагаа ах таслаад гол санааг нь дутуу гаргачих шиг боллоо. Дахиж уулзаж энэ залуутай энэ Монголын уран зохиолоос яг Монгол хүний ямар чанарыг үнэртэж болж байна, яаж Монгол хүнд нөлөөлж байна гэдэг талаар нарийн ярьвал их сонирхолтой санагдлаа. Сонирхвол энэ хаягаар орж үзээрэй. https://www.youtube.com/watch?v=VWn_JxK-6Ic&NR=1&feature=endscreen