Sunday, October 20, 2013

Мянган бээрийн тэртээд

Ойрд би гэдэг хүн бодол дотроо эргэлдэж, олон төрлийн ургалч санааг билгийн галд шатаалгүй удсан ажгуу. Удсаар удсаар шалдар булдар санаа бодлоо хэрхэн цэгцлэх ухаанаа мартах шахтлаа удсан ч юм шиг. Сүүлд Бээжингээс ирсний дараагаар зуны саруудад хэтийн төлөв хэр байхыг яахан шийдэх талаар толгой гашилгаж, оюундаа тунгааснаас хойш, нэг их цаг гаралгүй өдий хүрснийг харахад үнэхээр завгүй явсан юм уу эсвэл бодох хүсэлгүй болчихсондоо цаг гаргасангүй юу ямартай ч өнөөдөртэй золгож орхижээ. Магад ч үгүй оюуны бяд шаардсан асуудлууд нэг их гаралгүй явсаар толгой зэвэрсэн байж ч болох юм.
Яасан ч байсан өнгөрсөн хэдэн өдөр олдсон боломжийг алдалгүй ашиглаж, толгойд эргэлдэж буй хэдэн бодлыг билгийн галд өдөржин өрдөж, ганцаар бясалган суух хугацаа гарав. Бодлын хөндийд нааш цааш холхиж, ороо бусгаа орчлонгийн олон асуудлын дундаас өөрөө сонгосон ганц хоёроо тархины нугалаасанд хавчуулан оюуны галаар хайрсан ч, зохих шийдэлийг олж үл барав. Мэдээж өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгэн зэрэг уялдуулан бодож, олон хувилбарыг хослуулан харьцуулж оновчтой шийдлийг олно гэж байхгүй ч, өчүүхэн миний сэтгэлийг баясгах хариултыг гаргах гэсэн ч бяр бяд хоёр хоёул дутаж, ганцаар өнгөрөөсөн өдрийн тоог нэмсээр.
Бостон хотод 2006 онд тэмцээнд ирсэн боловч оролцож чадалгүй буцсан тэр өдөр миний мэлмийд тодоос тод зураастай байгаа нь тэр өдөр хэр их баясч, тэр өдөр хэр их гунисан болохыг бага зэрэг ч гэсэн илтгэх юм шиг. Их сургуульд би хоёр амьдралтай байсны нэг нь завьных, нөгөө нь хичээлийн амьдрал байдаг байв. Завьных гэдгээр гол дээр завинд өнгөрөөж буй, бэлтгэл хийж зарцуулж буй хичээлээс гадуурх амьдрал нөгөөх нь багш нартай хичээл дээр, гэртээ ширээ ард өнгөрөөх тэр цаг. Нэг амьдралын маань ертөнц нөгөөхөөс тэс ондоо, цэвэр биеийн хүч шаардсан, сайн сэлүүрдсэн өдрөө сайхан зантай өнгөрдөг ертөнц байв. Оюуны хүч шаардсан ертөнц маань санасныг бодоход сэтгэл санаа унагааж, дээш доош савлуулдаггүй сайхан амар амгалан ертөнц байсан аж. Бостон хотын энэ тэмцээнд оролцохоор дөрвөн хүнийг дасгалжуулагч маань 16-н хүнээс уралдуулан сонгоход, тэр уралдаанд сонгогдож чадалгүй мултарчихад миний нэг ертөнц орвонгоороо эргэж, тэр даруйдаа сүйрч байгаа мэт сэтгэлээр унаад харамслийн гашуун нулимсууд хацар даган бөмбөрч байхыг би өнөөдрийг хүртэл мартаагүй л явсан. Ингээд сүйрсэн ертөнцөө сэтгэлдээ тээгээд хичээлдээ ороход бусад найзууд маань тэр их гамшиг болсныг нэг ч хүн мэдэхгүй, тэдэнд тэгж сүйрэх ертөнц байдаг эсэх нь мэдэгдэхгүй байж билээ.
Өнөөдөр эх нутгаасаа мянган бээрийн тэртээд хүрч ирээд АНУ-д өнгөрөөсөн амьдралын нэгэн хэсгээ санан дурсаж, олон жилийн өмнө Бостон хотноо оролцож чадаагүй тэмцээнээ эрэг дээрээс харан санааширч зогсохдоо зөвхөн өөртөө амласан тэр амандаа хүрч, сэтгэлийн угт үлдсэн тэр хүслээ гүйцээх гээд явж байна даа. Би гэдэг хүн үргэлжийн мөнхөд өөр өөрөөсөө асуулт асууж явдаг бол өнөөдөр нэг ч гэсэн асуултанд хариулж сууна. Нэгэн улстөрч ”Зориг эс хүрвэл ухаан эс хүрмой“ гэж хэлсэн байдаг юм. Магадгүй эсрэгээр нь "ухаан эс хүрвэл зориг эс хүрмой" гэж хэлж болох авч, үнэхээр хүнд хүсэл зориг байх ахуй дор л тухайн шийдвэртээ хэрхэн хүрэх ухаан урган гарч, хүнийг хандах зүгт хөтлөн явдаг юм болов уу гэж боддог билээ. Хэрэв зориг хүрэхгүй бол шийдвэрт эс хүрч, улмаар ухаан байхын хэрэг юун гэж мунхаг би эргэцүүллээ. Тунгаан соёрх.

2 comments:

  1. http://www.bostonglobe.com/sports/2013/10/17/for-mongolian-rowers-head-charles-uncharted-water/BrJudWJnTmqS3FORmEiWEK/story.html

    Proud of you guys!!! :)..гэчихсэн байналэшт :-)

    ReplyDelete