Sunday, March 01, 2020

ТӨР МАХНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?

Цагаан сар дөхөж байгаа учир Баасандаваа гуай цагаан сарын буузны махаа авъя гээд цуглуулсан хэдэн төгрөгөө аваад гарлаа. Тэднийх ам бүл тавуулаа. Сонгинохайрхан дүүргийн “Гүнгэрваа” худалдааны төвийн хажууд хашаа, байшинд амьдардаг жирийн нэг айл. “Гүнгэрваа” хавиар мах илүү үнэтэй зарагддаг тул “Хүчит шонхор” захыг зорилоо. Зах дээр дээр очиход сарын өмнөхтэй харьцуулахад махны үнэ өсчээ.
Он гаргаад нэгдүгээр сард хонины мах кг нь 6900-8000 төгрөг, харин үхрийн мах жижиглэнгээр кг нь 8500-10,000 байсан бол нэмэгдээд, үхрийн мах бөөний үнээр 9000-9500, харин жижиглэнгээр 10,000-12,000 төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Сарын дотор махны үнэ 1000- 2000 төгрөгөөр нэмэгдсэн байна.
Махны үнэ яагаад өсөв?
 Монгол Улс 3 сая 230 гаруй мянган иргэнтэй хэрнээ 70 сая 970 мянган мал тоолуулжээ. Хэдийгээр нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд тэргүүлэвч махны үнэ тасралтгүй өссөөр байна. 2010 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн үнийн статистикийг харахад Улаанбаатар хотод хонины ястай мах 2700, үхрийн ястай мах 3400 төгрөг байжээ. Яагаад махны үнэ өсөөд байна вэ?
Хэдийгээр жилээс жилд махны үнэ өсдөг нь үнэн хэдий ч, бас жил дотроо махны үнэ нэг хэвийн түвшинд байдаггүй. Олон жилийн үнийн хэлбэлзлийг харахад махны үнэ 9- 12 сар хүртэл харьцангуй доогуур буюу боломжийн түвшинд байдаг ч, эргээд 1- 5 сар хүртэл өссөн харагддаг. Үүнийг 2010 оноос хойших үхрийн ястай махны үнийн өсөлт дээрээс харж болно.
Энэ жилийн хувьд дэлхийн олон улс орнуудад коронавирус гарснаар хүмүүс зөвхөн мах гэлтгүй хүнс ногоогоо нөөцөлж эхлээд байна. Гэхдээ ингэж нөөцлөх боломжтой хүмүүс хэд билээ?
Хүмүүс нөөцлөөд эхлэхээр эрэлт нэмэгдэж, үнэ өсөх нь аргагүй. Харин махны нийлүүлэлт тал дээр хомсдол гарч байгаа гэж махны худалдаачид ярьж байгаа боловч үнэндээ үүнийг нөөцлөхтэй илүү холбож тайлбарлаж болно.
Төр махны үнийг бууруулахад юу хийж чадах вэ?
 Өнөөдөр сошиал орчинд Засгийн газар, тэр дундаа Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ)-ыг махны үнэ өсгөлөө хэмээн буруутгаж байна. Гэтэл махны үнийг зах зээл дээр эрэлт нийлүүлэлт тогтооно гэхээс биш, төр засаг аливаа бараа бүтээгдэхүүний үнийг шууд тогтоож, үнийг барина гэдэг буруу. Учир нь монголчууд бид ингэж төрөөс бүх үнийг тогтоож байсан “төвлөрсөн төлөвлөгөөт” эдийн засгийг социализмын үед туулсан. Тэр үед бүх зүйл болж байгаа мэт байсан ч гэлээ, “тэнцвэрт үнэ”-ийг олж чадахгүйгээс маш олон гажуудал үүсч, улмаар энэ бүхэн Монгол Улсын Зөвлөлт Холбоот Улсаас авах зээлийн хэмжээг нэмж байсан шүү дээ. Бид таван тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний “Их Өр”-тэй хоцорсон. Улмаар 2004 онд үүний 98 хувийг тэглэснээр бид аврагдсан. Мах гэлтгүй, өргөн хэрэглээний бараа материалын үнийг төрөөс тогтоох тусам Засгийн газрын өр нэмэгдэнэ.
Тэгээд төр засгаас хийж чадах зүйл байхгүй гэж үү?
 Байгаа, хэд хэдэн шууд бус аргаар махны үнийг тогтворжуулж болно. Та махны үнэ өсөхөд малчид баяжиж байгаа гэж бодож байна уу? Тийм биш ээ. Малчид хэдэн малаа өсгөж үржүүлэхэд гаргасан хөдөлмөртэй харьцуулахад бага үнээр өгч байгаа. Тиймээс малчдыг фермержүүлж, зарцуулж буй хөлс хөдөлмөрт ногдох гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Гарц гэдэг нь мах ч байж болно, сүү цагаан идээ ч байж болно. Бид социализмын үед илүү олон фермерийн аж ахуйтай байсан. Энэхүү ажлыг ХХААХҮЯ хариуцдаг. Малчны гараас манай ширээн дээр ирэх хүртэл олон дамжлагатай. Энэ дамжлага бүрт махны үнэ өссөөр та бидний хөргөгчинд орох хүртэл үнэ хэд дахин нэмэгддэг. Энэ дамжлагад гарч буй зардлыг бууруулахад аж ахуйн нэгжүүдэд мөнгөн “татаас” өгөхгүйгээр дэмжлэг үзүүлэх олон боломж байгаа. Үүнийг ХХААХҮЯ хэрэгжүүлэхгүй байгаад хамаг асуудал оршино. Эцэст нь “нөөцийн мах”-ны хөтөлбөр 2012-2016 оны хооронд олон өрхийн ширээн дээр боломжийн үнээр мах тавихад тус болсон гэж хэлж болно. “Нөөцийн мах” гэж байгаа боловч хямд үед махаа нөөцлөөд, өсөх үед түүнийгээ зах зээлд нийлүүлэх замаар улирлын хэлбэлзлийг бууруулсан л хэрэг юм. Ийнхүү шууд бус аргаар махны үнийг тогтворжуулах олон арга зам бий.
Иргэд бид яаж үнийн өсөлтөөс хамгаалах вэ?
 Нэг хүний хийж чадах бас чадахгүй ажил гэж байдаг. Хувь хүн эсвэл өрх гэр махны үнийг бууруулж эсвэл тогтворжуулж чадахгүй. Үнэнийг хэлэхэд махны үнэ өссөн ч орлого илүү нэмэгдээд байвал энэ бүхэнд бухимдах хэрэг байхгүй. Өнгөрсөн жил 2019 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар дуусах хүртэл хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ найм гаруй хувиар өссөн байна. Харин бид бүхний цалин найман хувиар өссөн бил үү? Засгийн газар ажлаа хангалттай хийж чадахгүй байгаа өнөө үед цалин, орлогоо өсгөх нь бидний үнийн өсөлтөөс хамгаалах хамгийн шилдэг арга юм.

No comments:

Post a Comment