Monday, December 15, 2008

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд мандан бадраг!

Эх нутгаасаа би 16-тайдаа гаран, цааш явсаар Африкт тивд хөл тавихдаа 18 настай байсан. Анх Канадаас гараагаа эхэлсэж, Уганда-д өндөрлөсөн аялал маань бараг л бүтэн 2 өдөр сунжирсан юм. Канадад өөрийн байсан хотоос автобусаар усан онгоцны боомт хүрээд, тэнд аралаас хөдлөх усан онгоцонд суун эх газартай золгон улмаар мужийн нийслэлээс онгоцонд сууж Канадын хэд хэдэн хотуудыг дайрч Англид очсон. Английн онцгоцны буудал дээр 9 цаг хүлээх байсан учир Hearthrow онгоцны буудлаас 24 цагын виз аван буудлаасаа гарч, гадаа нь ангийн андтай цуг 6 лааз пиво хоосолчихоод буцаад ороход хөөрхөн болцон байж билээ. Ингээд тэндээс Дубай нисэж, Эмиратын нийслэлд хэдэн цаг саатаад цааш Кени улсын зүг хөдлөсөн. Хамгийн сүүлийн нислэг маань Кенийн Найроби хотоос Угандагийн Кампала хот руу байсан нь тун удалгүй газардсанаар зогсолтгүй 2 өдөр үргэжилсэн аялал маань өндөрлөж билээ.

Африк явахаасаа өмнө Монголд суугаа ээж рүүгээ би утасдаад "Ээжээ, би Африк явлаа" гэсэн чинь ээж өөдөөс "Айн, Африкаа!!!" гэхэд хариуд нь "тийм, Африк" гэснээр ээж намайг яагаад ч буцахааргүй шийдвэр гаргасныг ойлгож билээ. Ийнхүү хүсэн мөрөөдөж явсан тивдээ буухдаа "Африк тив, та сайн байна уу" гэж тухайн үед онгоцны буудал дээр хашгирч түвчигнээгүй ч гэсэн, сэтгэл дотроо байдаг чангаараа чарлаж билээ. Үнэнийг хэлэхэд анх буухдаа Африк тивд бүтэн 10 сар амьдрах амьдрал минь намайг миний бодож байснаас илүүтэйгээр өөрчлөнө чинээ санаагүй ээ.
Намайг очиход Уганда улсад ДОХ-н өвлөл нийт хүн амынхаа 14 хувьд хүрсэн, өмнөх засаглалууд (Иди Амин болоод түүний нөхдийн засаглал) нь тус улсыг өвдгөн дээр нь сөхрүүлж, элгээр нь хэвтүүлсэн үнэхээр элэг эмтрэм тийм газар байсан юм. Улсынх нь нийслэл Кампала хотын гудамжаар явахад хөл нүцгэн, бараг хувцасгүй шахуу гудамжний хүүхдүүд гараас минь зууран мөнгө нэхэн дагалдана. Гуйлга гуйгаад сууж байгаа жаалууд 2 хөлгүй, эсвэл 2 гаргүй байгааг харахаар үнэхээр яагаад амьдрал энэ хүүхдэд хатуу хандаж байгаа юм бэ гэж асуумаар. Өнчин өрөөсөн хүүхдүүд гэж яг үнэндээ тоймгүй их байсан гэхэд буруудахгүй.
Зураг: Уганда охин дүүгээ тэврээд явж байгаа нь

Эхний хоёр сар гудамжны хүүхдүүдэд гагнуур, оёдол зэрэг нарийн мэргэжлийн зүйлс заадаг нэг ёсны ТЭМС-д ажиллаж байваа. Тэнд "оюутнуудын" иддэг хоолыг идэж, хотхонд нь хамтдаа амьдарч, ижилхэн жорлон хэрэглэж байсан юм. Надтай хамт ирсэн охидууд сэтгэл санаагаар унаад, уйлалдаж майлалдаад ер нь тийм ч сайхан орчин бол биш байсан. Гэхдээ л нэгэнт ирсэнийх бодиттой юм хийж байж, ямар нэг үр дүнд хүрч хүнд туслаж байж сална гэж боддог байв. Үүний дараачийн 2 сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Good Samaritan сургуульд хичээл зааж эхэлсэн юм. Тэнд багшилж байхад тэдний хажууд бол манай Монголын 10 жилийн сургуулиад үнэн тасарцан хангамжтай, хичээл хийх орчинг гайхалтай бүрдүүлсэн мэт санагдаж байж билээ. Тус сургууль байхад миний багшлаад байгаа үнэхээр энэ хүүхдүүдэд тус болж чадаж байна уу гэдэг дээр бага зэрэг итгэл найдвар алдагдаж байсан хэдий ч бас л ОК, хийнэ бүтээнэ, туслана дэмжинэ өөр өөртөө шивнэж байлаа.
За ингээд бага сургуулийн амралт эхэлснээр бид нар дараачийн төсөл болох Конго улсын хилээс холгүйхэн орших Fort Portal нэртэй газар ирсэн юм. Тэнд өнчин хүүхдүүдэд байшин бариж өгөх, байшинтай бол тэрийг нь шавардах, хичээл заах, жорлон ухах гээд нилээн олон юм хийж байлаа. Тэр хотод үнэхээр Кампала-д хараагүй их олон өнчин хүүхдүүд байдаг нь сүүлд ойлгомжтой болсон юм. Яагаад ийм их өнчин өрөөсөн хүүхдүүд байдаг вэ гэхээр ДОХ гэдэг аюултай өвчин эх эцгийг нь аваад явчихдаг аж. Ингээд хүүхдүүд хамаатан садангийндаа очино эсвэл шууд гудамжинд гарах нь тодорхой. Миний сонсож байснаар ДОХ гарсан эхний хэдэн жилүүдэд хамаатны хүмүүс нь хүүхдүүдийг үрчилж авдаг байснаа сүүлдээ дийлэхээ болиод орхидог болсон гэсэн.

Нэг удаа бидний ажиллаж байсан төрийн бус байгууллагын хангамжинд байдаг хэдэн хүүхдүүдэд очиж жорлонг нь шинээр барьж өгөх ажил авав. Ингээд очитол харин тэр байшинд ердөө 3-с 7 насны 5-н хүүхэд амьдардаг байж таарлаа. Тэдний жорлон нь муудаад яажийсан учир нэг бороотой өдөр нурж, дотор нь суугаа нэг бацааныг дарж алах аюултай гээд хуучин жорлонг нь нураагаад нүхэн дээр нь шинэ жорлон барьж өгсөн. Гэхдээ л жорлон барьж, хоолны мөнгө 7 хоног болгон өгснөөр энэ хүүхдүүдийг сайн хүмүүс болгож чадна, эсвэл бидний тусламж үнэхээр тусламж болж чадаж байна гэжүү гэдэгтээ эргэлзэж, яаж туслах юм бэ гэдэг дээр өмнөх шигээ итгэлтэй байж чадахгүй байлаа. Хамгийн том нь тухайн үед 7 настай байсан гэхэд ийм хүүхэд бусдыгаа харж үлдэнэ гэдэг чинь үнэхээр байж болно гэжүү? Эдгээр 5-н бацааныг ямар ирээдүй хүлээж байгаа бол гэхээс бүр нүдэнд нулимс цийлэгнэж байсан юм.
Үүний дараагааар манай найз Себастиан бид хоёр нэг айлын байшинг шавардах даалгавар авав. Шавардсан байшин нь зүгээр байшингаас арай илүү удаан тэсдэг юм. Зүгээр энгийн байшинг бол Монголоор 400 мянгад өлхөн босож, даанч 4 жил болоод яажийгаад унчихдаг. Шавардсан байшин бол дор хаяж 8 жил болох боломжтой. Ингээд тэр айлд очсон чинь 3-н хүүхэдтэй нэг хөөрхий эмэгтэй байв. Хүүхдүүдийн ээж гэх эмэгтэй ДОХ өвчинтэй, хүнд хэлбэрт байгаа тул орон дээрээсээ ч босох чадваргүй болсон. Аавгүй эдгээр хүүхдүүд тун удахгүй ээжийгээ алдах нь илт байлаа. Тэр айлын хамгийн том хүүхэд нь 10 настай гээд бодохооор 4-н настай хамгийн бага бацаан нь яандаа л гэж боддогдоод, үнэхээр аз жаргалтай амьдрана гэдэг чинь юу билээ гэсэн бодол эргэлдэн, миний хүмүүст туслах тусламж юу ч болохгүй, үр дүнд хүрнэ гэсэн миний тухайн үед тээсэн найдвар тасарч билээ. Нэг ёсондоо эдгээр хүүхдүүд аврал үгүй байсан юм. Тэрнээс хойш хэдий 6 жил өнгөрсөн ч гэсэн энэ бүгд сэтгэлээс гаралгүй өнөөг хүргэжээ.
Зураг: ДОХ-той бүсгүйн гэрийн гадаа

Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад тэр эмэгтэйн байшинд ажиллаж байхдаа л би энэ дэлхий чинь зовлонд ханадаггүй юм байна, бидний өөрсдийгөө зовоод ядраад, бусаддаа гомдоод байгаагаа эдгээр хүүхдүүд, эдгээр хүмүүсийн зовлонтой харьцуулахад зүгээр л жаргалаа эдэлж чадахгүй хүний янаглал юм байна гэдгийг ойлгож эхэлсэн гэж боддог юм. Үнэндээ миний туслах ч гэж юу байхав, үнэхээр туслах сэтгэлтэй бол эдгээр хүүхдүүдийг ээжгүй ч гэсэн эрийн цээнд хүртэл нь асрах, эсвэл ээжийг нь өвчнөөс салгах л хамгийн сайн туслалцаа болно доо гэж бодсон ч хүчин мөхөсдөж байлаа. За яахав 3 хүүхэдийг туслаад асардаг юмаа гэхэд яг энэ гурав шиг цаанаа нь гурван мянга, гучин мянга магадгүй 21 сая хүнтэй энэ оронд л гэхэд гурван зуун мянган хүүхдүүд байгаа гээд бодохоор амьдралд итгэх итгэл, ирээдүйг өнгөтөөр харах маань бүгд туйлын бүрхэг болж, бараг л цөхрөнгөө барсан гэхэд хилсдэхгүй.

Мөхөшгүй найдварын гал
Монголд ч гэсэн байдал сайн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Агаарын бохирдолоос болоод, тэжээллэг илчлэг хоол хүнс дутагдсанаас болоод, эрүүл аюулгүй орчин байхгүй учраас олон хүн хорвоог жам бусаар орхисоор; олон ар гэр дундаас доогуур, ядуугаас хэт ядуу руу шилжин орсоор; эдийн засгийн өсөлт нь нийгмийн олонхидоо биш, цөөн хэдэн салбарын толгойлогч хүмүүсийн амьдарлын өсөлтийг л хангасаар; хуулийн дагуу биш, хуулиас гадуур амьдарсан нэгнийг илүү тэтгэсэн тогтолцоо бүрдсээр; ийм байдал улам газар авах тусам бие сэтгэл, ажил хөдөлмөрөөрөө холбогдсон нэгний итгэл найдвар алдагдан, зарим нь алсад одно. Гэвч...
Найдварын гал унтраагүй ээ. Хэзээ нэгэн цагт өнчин өрөөсөн хүүхэд гэж үгүй болно, хэзээ нэгэн цагт эдгэдэггүй өвчин эмгэг цөөрнө, хэзээ нэгэн цагт шударга явдал ялж, үнэн тогтоно, хэзээ нэгэн цагт энэ бүхнийг засаж ирээдүй минь илүү таатай орчинд амьдрана гэсэн ганц итгэл найдвар мөхөхгүй оршсоор байх болно. Харин ч энэ найдвар өмнөх үеийнхэнээсс хойчийг залгамлагчидад дамжин уламжлагдах болно. Ийнхүү дамжихдаа улам өсөн томрох болно.

Альваа мөрөөдөлд болохгүй бүтэхгүй, биелэшгүй гэсэн тодотгол өгч хаяхад хамгийн амархан. Харин болно бүтнэ, бүтээнэ байгуулна гэж үзвэл болдог гэдгийг 2008 оны 11 сарын 4-нд Барак Обама Америкийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноороо харууллаа. Энэ явдлаараа бидний биелэшгүй юм гэж үгүй гэсэн бодолыг бататгаж өгч байгаа хэрэг бишүү? Үнэндээ түүний амлаж буй өөрчлөлт, түүний уриалж буй шинэчлэлт энэ бүгд зөвхөн Америкт ч биш, дэлхий даяар тэр дундаа бидэнд - ялангуяа залуу үеийнхэнд маань ус агаар мэт хэрэгтэй байна. Залуу насны эрч хүчээр цус минь булгилж, цуцашгүй их хүсэл тэмүүллээр сэтгэл минь цалгиж буй үед бол бидний ирээдүйдээ итгэл найдвар харин ч улам бэхжин байр сууриа олох боломжтой. Зүгээр сууж байгаад бол боломжгүй, харин ч үүнийхээ төлөө бид нар шаардлагатай үед нь өөрсдийгөө золиосолох чаддаг байх хэрэгтэй. Обама номон дээрээ "If we aren't willing to pay a price for our values, if we aren't willing to make some sacrifices in order to realize them, then we should ask ourselves whether we truly believe in them at all" гэж бичсэн байна. Түүний зөв.

Обамагийн бичсэн "Мөхөшгүй Найдварын Гал" номыг уншаад надад үнэхээр их итгэл найдвар төрсөн юм. Үүнийгээ ирээдүйд ажлын хүндийг хамт үүрэлцэн, хөгжлийн бамбарыг хамт атгалцан явах Монголын мянга мянган залуустайгаа хуваалцахаар Монгол хэлнээ хөрвүүлэхээр эрхийг нь албан ёсоор аваад байна. Энэхүү номыг хоёр найзын хамтаар Америкийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр болох 1 сарын 20-нд танд хүргэх болно.

Мөхөшгүй найдварын гал та бидний зүрхэнд үргэлж мандан бадарч байг!

Зураг: Ревензори ууланд авирч байхдаа

Холбоотой мэдээлэл:
http://otgonpurew.blogspot.com/
http://igaa.blogspot.com/