Wednesday, November 17, 2010

Монгол ухаан, монгол ёсыг бишрэхүй дор

Ойрын хэдэн өдрүүдэд үнэхээр олон ажлууд амжуулж буй боловч бас нижгээд ажлыг цалгардуулж суунам зээ. Бор ходоодыг баярлуулан, бор тархиа амраах хэдэн хоног тохиолдсонд их тулааны өмнө нам гүм ноёлож байдагтай адилаар сэтгэж, өөрийн биеийг тордоход зориулан ирж буй ажлын хүндийг хэрхэн хугаслаж, энэ биеийг эрүүл хэрхэн авч явахаа бага атугай бодно.
Миний гар дор Монголын тал нутаг дүүлэн эрчлэх эрэлхэг чонын тухай домог мэт хууч яриа дүүрэн ном орж ирсныг хоёр гурван хоногт уншин дуусгав. "Чонон сүлд" хэмэээх энэхүү номыг хятадны хэлний Болдбаатар гэж алдаршсан сайн найзын маань аав нь орчуулсан байна. Үнэхээр агуу орчуулж дээ хөө. Зарим мэдэхгүй монгол үгнүүд өгүүлбэр дунд цахилж явааг харахад өөрийн үгийн баялаг муутайг гайхаж, хүн харь хэлнээс хөрвүүлэхдээ ийнхүү утга төгс орчуулж яахан бардаг байна хэмээн шар гойзойно. Өөрийн орчуулсан номыг заримдаа барин авч, хуудас бүрийг өлөн нүдээр шүүрдэн харахуйд ийм уянгалаг монгол хэлнээ буусан эсэхэд эргэлзээ төрөн байдаг билээ. Тал нутгийн маань агь таана ханхалж, сэврэй салхи салхисан тэрхүү сайхан байдлыг сэтгэлд эргэн иртэл өгүүлсэн уг номыг эргүүлэн тавихад хэцүү. Монгол чоно, монгол ёс заншил, монгол ахуй, монгол эр хүн болоод тал нутгийн сүлд хийморийг илтгэсэн олон сонирхолтой түүхийг багтаасан, зарим мартсан зүйлсийг сэргээсэн сайхан ном болжээ. Ганц дутуу зүйл нь монгол эмэгтэй тэсвэр хатуужил, гоо үзэсгэлэнг харуулсангүй аж. Харин Билиг өвгөнөөр дамжуулан Монгол ухаан гэж юу болохыг, эр хүн хийморьлог байдлаа алдахгүй амьдрах нь амьдралын гол аз жаргал юм гэдгийг харуулах гэсэн хэрэг болов уу гэж ойлголоо. Доожоогүй, арчаагүй амьдралаар амьдарч альваа зөвшөөрөгдсөн ёсыг үл хүндэтгэн амьдралыг туулах нь жинхэнэ эр хүний хүсээд байх зүйл биш шүү гэсэн санаа ч явж байх шиг. Цааш ухан нягтлавал суурин иргэншилийг нүүдлийн иргэншилтэй харьцуулах замаар жинхэнэ эр хүн зоригтой, хийморьтой байж, зөв шийдвэрийг гаргах чадвартай байх хэрэгтэйг харуулна. Даанч хүн болгонд тэр бүр энэ ухаан дутдаг ажгуу. Монголоосоо сурах монгол ухаан, монгол ёс надад ч дэндүү олон байх шиг.

Monday, November 01, 2010

Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий



Санаандгүй алдаж хагалсан өндөг газрын хөрсөн дээр яах ийхийн зуургүй шажигнан шарагдаж, өнгөн талаасаа хорхой хүргэм шаргалтана. Хазаад идчихмээр байвч бохир хөрсний хөгц амтагдаж, нүүрсхүчлийн гашуун угаар үнэртэнэ. Бас хүлэмжийн хий хормын зуурт хоолыг хор болгож амжжээ.
Ийм л орчинг хүн төрөлхтөн өөрөө бий болгосон. Технологийн ололт, эрчим хүчний шинэ шинэ эх үүсвэр, ашиг орлого хүүлэх агуу баялгийн төлөөх шунал, байгалийн баялгийг гартаа хийхийн тулд үхэлдэн тэмцэлдсэний “ач тус” эх дэлхийг хайруулын таваг болгожээ. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй ахуйн хэрэгцээ, өөрөө өөрсдөдөө бүрдүүлсэн өндөр хэрэглээндээ боомилогдсон бид нэг л өдөр улайссан ширэм дээр унасан өндөг шиг шарагдах болно.
Энэ бүхний шалтгаан нь мэдээж эдийн засгийн “дайн”. Баялаг бүтээж, бусдыг эрхшээлдээ оруулах гэсэн их гүрнүүдийн санаархал дэлхий ертөнцийг улам бүр хайлуулж, хавтгайруулж, давчдуулж байна. Агаар муутай газрын хүүхэд хавчиг цээжтэй төрдөг шиг хэт халсан дэлхийн гадаргын хүн амьдарчихмаар хэсэг улам бүр хумигдан, нэг бол элсэн цөлөөр хучигдаж, үгүй бол хэдэн мянган жил хөдөлгөөнгүй байсан мөсөн уулын гэнэтийн хайлалтад “живэх” дээрээ тулав. Нэг л өдөр дэлхий ээж гэрлээ унтраачихвал халуун, хайлмал, хавчигдмал дэлхий маань “харанхуй” гэсэн шинэ тодотголоор баяжина.
Бид яаж яваад ийм болчихвоо, үүнд хэн хамгийн их буруутай вэ? Нэн түрүүнд хамгийн хүчирхэг эдийн засагтай, хамгийн их нефтийн хэрэглээтэй, хамгийн өндөр барилгуудтай, хамгийн олон тарган хүнтэй гүрэн санаанд чинь зурсхийж байгаа биз? Зөвхөн гаднаас нь хараад буруутныг тогтоож болдог бол үүн шиг амархан зүйл алга. Гэвч цаад учир шалтгааныг ухаад үзвэл дан ганц Америк биш, ерөөсөө л хомосапенс гэж амьтны сэтгэлгээний гажуудал, “нэг нүдтэй” сэтгэхүйд учир байгаа болов уу. Хурдтай гүйж эхэлсэн хүн гэнэт зогсож чаддаггүй шиг нэгэнт эрчээ авсан үйлдвэрлэл, амаа ангайн өгөөшөө хүлээх аварга загас шиг асар том зах зээл, түүнээс хэдэн мянган их наядаар унах ашиг орлогоос гэнэт татгалзах нэгэн бий билүү?
[...]Цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй, автомашин хэрэглэдэггүй, цахилгаан станц байхгүй, нүүрсхүчлийн хий ялгаруулах хэмжээний томоохон үйлдвэргүй дэлхийн хамгийн ядуу хэсэг буюу цаг уурын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулж буй бүлэг илүү хохирч байгаа юм. Тэдний амин зуулга нь мод, үр жимс, газар, хөрс тул амьжиргаа нь байгалийн доройтлоос шууд хамаарч байдаг. Энэ бүхнийг зохицуулъя гэхээр эрчим хүчгүйгээр нэг ч алхах хэцүү. Шударга бус гэмээр иймэрхүү уялдаа холбооны хор нөлөөг залруулах “хэргийн эзэд” нь гэтэл юу хийж байна?
Байгаль орчны доройтол нь шинэ сэдэв биш хэдий ч өмнө нь эдийн засгийн хөгжлийн уршиг талаас нь төдийлөн авч хэлэлцдэггүй байсны гор сүүлийн зуунд илүү хүчтэй мэдрэгдэх болов. “Ногоон” хувьсгал нь хүмүүсийн амны уншлага болж, тэр хэрээр “эко од” болохыг хүсэгчдийн эгнээ хүрээгээ тэлжээ. Зүй нь энэ асуудалд илүү бодитой хандах ёстой бөгөөд хэдий чинээ олны анхаарлыг татаж, талархлыг хүлээнэ төдий чинээ “ногоон биш” байдаг нь ч нотлогджээ. Массын сэтгэлийг хөдөлгөхдөө биш аль болох хэмнэлт, хязгаарлалтад чиглэсэн, зарим талаар технологийн хувьд ухарсан “уйтгартай” бодлого л дэлхий ээжид тусалж чадахаар болсон аж.
“Харалган итгэл горьдлого тасрахтай адил аюултай” хэмээн Жорж Монбиот “Халцгай: Дэлхийн шаталтыг хэрхэн зогсоох билээ” номондоо бичсэн байдаг. Чухамдаа ирээдүй хойч гэж алсыг хардаггүй юм гэхэд өнөөдөр амьдарч буй өөрсдөдөө жаахан ч гэсэн чөлөөтэй амьсгалах агаар, алхах талбай үлдээхийн тулд дан ганц геополитикийн бодлогоор далайлгах нь хүчин мөхөсдөх болсон байна. Энэ мэт асуудлыг хөндөж, гарах гарцыг тодорхойлсон нэгэн бүтээлийг монгол залуус саяхан орчуулжээ.
Дэлхийн уур амьсгалыг хүн өөрчилж байгаа ч уур амьсгал ч хүний бие организмийг өөрчилж байгаа нь гашуун үнэн. Цэвэр агаар, цэнгэг усаа алдаж буй хүн төрөлхтөн оюун ухаантайгаа байгаа дээрээ юу хийх ёстойг, ер нь бидэнд яагаад ногоон хувьсгал хэрэгтэйг та Т.Фрийдманы “Халуун, хавтгай, хавчигдмал дэлхий” номоос уншаарай.
Э.Адьяасүрэн