Sunday, June 05, 2011

Монгол улс өмнөд хөрш дэхь Монголчуудын төлөө юу хийх ёстой вэ?

Нүүрс тээвэрлэгч компанийн хятад жолооч Өвөр Монголын Мэргэн гэгч залууг 80 тонны машинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсны дараа Өвөр Монголын хэд хэдэн хотод монгол угсаатангууд гудамжинд гарч жагсацгаалаа. Тус бүс нутагт онц байдал зарлаж, сургуулийн сурагч нэг бүрийг төрийн нэг албан хаагчид даатгаж, тухайн хариуцаж авсан оюутан жагсаж "дүрэм зөрчвөл" тэр ажилтан ажлаа алдаж улмаар хоолноосоо салахаар нөхцөлтэйгөөр хүлээлгэн өгчээ. Хятад шиг чанга гарын дор хоолноосоо сална гэдэг бол цаашдаа хоол олдохгүй гэсэн үгтэй ялгаа юу байхав.
Энэ явдал гарахаад хэдэн сарын өмнө Арабын орнуудад "хувьсгал/бослого" дараалан гарч эхлэхэд Өвөр Монголын монгол айл өрхүүдэд нутгийн засаг захиргаанаас мөнгөн тэтгэмж олгожээ. Мөнгө авч санаа сэтгэл амар бол гудамжинд гарч юу хийх вэ гэсэн логик дээр тулгуурласан нь мэдээж. Гэвч Улаанбаатарт хүртэл Хятадын элчингийн өмнө хүмүүс жагссан энэ 5-н сар эсэргүүцэл бол зөвхөн нэг хүнийг дарснаас үүдсэн хэрэг биш бөгөөд үүний цаана он удаан жилийн туршид монгол, хятад үндэстэнгийн хоорондын зөрчил байгаа гэдгийг хятадын засаг захиргаа сайн мэдэж байх ёстой. Үе үе малчид газар нутгаа хамгаалан гомдоллож, хятад жолоочид, тариачид болон монголчуудын хооронд тэдний "соёл"-н ялгаанаас үүдэн үл ойлголцол үүсч, гар зөрүүлэхэд хүргэдэг. Ихэнх зөрчилд Монголчууд хохирч үлддэг нь хэдийгээр хятад улс чанга гарын доор захирагддаг ч гэлээ хууль ёс хэрэгжихдээ барууны орнуудтай адил бүх зүйл зарчимын дагуу хэрэгждэггүй холбоотой байх. Учирлаваас хэрэг хийсэн хүн хэр "ар талтай" байна, хэр олон хүнийг таньж байна, хэр мөнгөтэй байна гэдгээс тухайн хэрэг шалтгаалж шийдэгдэнэ. Хэдийгээр хятад монгол гэж хуваагдах асуудал байхгүй эрх чөлөөт Монголд ч гэсэн энгийн иргэд тогтолцооны гажуудалыг сайн мэдэж эхэлж байна шүү дээ. Тэгвэл Өвөр монголчууд хохирогчийн суудал дээр суусан бол ихэнхдээ асуудал тэдний эсрэг шийдэгдэхэд үнэхээр гайхаад байх зүйл байна гэж үү? Мужийн нэр нь Өвөр Монгол хэвээр боловч 20-д сая хүн амын 25 хүрэхгүй хувь монгол угсаатан байдаг. Тэр дундаа яг цэвэр нь илүү бага л байгаа. Өөртөө засах гэсэн бахархмаар гуншинтай ч мужийн захиргаа Бээжингийн дэмжлэгтэй л гарч ирнэ. Ийм нөхцөлд зодоон эхлээгүй ч зодуулчаад бас нэмж гомдол гаргалаа гэж занчуулбал хэний ч дургүй хүрэх нь дамжиггүй.
Гэвч үйлдэл бүхэн өөрийн гэсэн уршигтай. Хятадад бол бүр уршигтай. Хятадын шоронгуудад хэдий олон өвөр монголчууд төдийгүй хэдий олон уйгур, түвдүүд тэндхийн шоронгийн хадаас болон хэвтэж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд ч яг таг хэлж чадахгүй. Өнгөрсөн сард гудамжинд жагссан олон монголчууд, энэ явдлын учирыг одоо ч гэсэн сайнаар шийдэх гэж зориг гаргаж буй олон өвөр монголчуудын хувь заяа туйлын бүрхэг хэвээр. Энэ үед Монгол улс яах ёстой вэ? Мэдээж НҮБ-н тунхаглалд альваа тусгаар улсын дотоод асуудалд бусад улс оролцох ёсгүй гэсэн нарийн заалт байдаг ч гэлээ нэг угсааны ах дүүсийнхээ өмнөөс нэг ч үг газар дугаралгүй сүүлээ хавчаад суух ёстой юу? Монгол улсын гадаад яаманд барьж буй тодорхой бодлого байгаа байх. Тэгвэл ямар бодлого барьж байна вэ?

Хятад бол Монгол улсын хамгийн том худалдааны түнш. Нийт гадаад худалдааны талаас илүү хувийг хятадтай хийж буй боловч хятадын талд бол Монголтой хийж буй худалдаа нь нийт гадаад худалдааны 1 хувь ч хүрэхгүй. Далай лам ирлээ гээд л хилээ хаасан. Сая өвөр монголд онц байдал зарлаад бас л хилээ хаалаа. Тэгвэл ийм эмзэг түнштэй бид хэрхэн харьцах ёстой вэ? Бас бодох л бодол.

5 comments:

  1. Ерөнхийлөгч хүнийг эрхийг дээдэлж шударга байхыг уриалсан албан бичиг ч болтугай юм Бэн Жябоа гуай руу илгээх байлгүй гэж найдаж байна. Гэхдээ бараг сүүлээ хавчаад зугтаах байх даа. Угаасаа өөрөө Хятад гаралтай нь үнэн юм болохоор хөөрхий ядарсан өвөрмонгол ах дүүсийг маань өмгөөлсөн үг хэлэхгүй биз дээ. Их зөв асуудал дэвшүүлсэн байна. Бүгдээрээ харж л байя. Эцсийн эцэст Хятадын энэ дарангуйлал нурахдаа л нурна. Дэлхийн түүхийн нугачаа, зүй тогтлыг харж байхад дарангуйлал ямагт унадаг жамтай. Мөнх хөх тэнгэр монгол үндэстнийг маань ивээх болтугай. Хүний эрх, эрх чөлөө ялах болтугай.

    ReplyDelete
  2. mongolchuudyn ihenh huvi ni utga uran zohiol,urlagiin mun shinjleh uhaany erdemten merged baidag ni mongolyn zasag zahirgaag yamar negen hemjeegeer havchin, ooriin erkh choloogoo deedeldegyn negen helber yum bolov uu boddog shd,

    uchirlavaas yamar ch ulsyn zasag zahirgaa erdemten mergeded yu hiih yostoig ni mun urlagyn humuust saihan muuhai geh met unelelt ogch duugarah erh bhgui bdag yum bnalee,

    ReplyDelete
  3. zasag zahirgaa irgeniihee omno erh choloog ni hamgaalah uuregtei,

    ReplyDelete
  4. http://www.youtube.com/watch?v=BKUmUr5vM2o&feature=player_embedded

    ReplyDelete
  5. bultaaraa duuchin, hogjimchin, zohiolch, shinjleh uhaany sudlaach, setguulch... geh met mergejil ezemshin niigemdee ooriin huvi nemree oruulangaa erh choloogoo edleed yavbal yah bol? nogoon delhii ulam nogoorool...
    bayarlalaa tand.

    ReplyDelete