Wednesday, September 24, 2008

Ego fall apart

Things fall apart гэж Chinua Achebe-н бичсэн нэгэн ном байдаг билээ. Энэ номыг "юм унасан нь" гэж орчуулвал чөтгөр битгий хэл бурхан ч намайг харааж мэдэхээр бүдүүлэг хэрэг болох биз. Тэгвэл энэ удаад уг номны болон зохиол дээр энэхүү овог отогийн дэг журам болоод соёл иргэншил нь хэрхэн унаж буй талаар бус, харин би гээч хувь хүний бодол санааг тэргүүлэн явагч эго гуай хэрхэн тэнгэрийн орноос чөлөөт уналтаар доошилон, газар дээр ч тогтолгүй тэр хурдаараа шууд далай доор орсныг цухас танилцуулж орхивод миний бие дараа нь энэхүү постыг өөрийн биеэр уншихад ихэд таашаал авах буй за хэмээн бодончирлон кийборд нүдэж хурууг чилээв.

Нэгэн цагт миний эго их усны амьтан болох далайн халимны баасанд дарагдан далайн ёроол доор хэвтэх мэтээр төсөөлөн, тухайн халимны халуун б**сан доор дулаацаж байсан цаг саяхан авч, би бээр нэгэн зүйлийг хоёрдолмол санаагүйгээр олон хоногоор хойно урид нь орж хөөцөлдөж, дээр доор нь бөөцгөнөх явцад нижгээд зүйл тохиолдосоноос цухас дурьдвал нилээн хэдэн нэхий дээл урагдаж нэгийг биш хоёр гурвыг үзэн, эх барьсан хэмээх орон, ажил болсон хэмээх хөнжилд хөрвөөх шанс түм бумаар ундран энэхэн хавьдаа л хурган мэргэжилтэн болж бондойгойтохлоо гэж хөөрцөглөв. Улмаар нуруун дээр дарж байсан халимны үмхий байтугай элдэв бусын юмнууд алга болсноор хөнгөрч, бие минь тавирч ухаан санаа уужирч, метафорик хэлбэрээр фантазлан хэлвээс миний эго чинь уснаас хөвж гарах байтугай нисч гаран, газар дээр тогтолгүйгээр дүүлэн, тэнгэр өөд цойлсон нь цаад утгаараа өөрийгөө ихэд "юм" мэддэгт тооцосонтой холбоотой бөгөөд эргэн тойронд хүрээлэн буй эгэл жирийн ардыг болон шар хадны галзуу болгоныг доороос биш дээрээс харж эхэлснээр 99-н тэнгэрийн дээд тэнгэрт урилгагүйгээр залрах эхлэлийг тависан байжухой. Үр дүнд нь миний билгийн гэсэн шошготой тархины арын шүүгээнд байдаг "нүд" ажил цэнгэл хоёроо ялгаж чадахаа байтлаа харанхуйлж, элдэв бусын зүйлсийг хутгаж дээд тэнгэр хавиар бужигнуулж, тэнд ургадаг бурхан модны шидэт үрэл бүрийг нь жанрайсэг-с булаан цөм цохин ходоодлохоо шахав. Ашгүй сая боломж гарч, аваргын аварга цолтой аваргуудтай гадагад орон руу жолоо залан уулзаж учирснаар даваа цаана даваа байдгийг эго минь эргэн ухааран тайван замаар цагаан тугаа өргөн буулт хийж, ухамсраараа буцаад халим агсны юуны доор гасланхан шургав бололтой. Энд нь хэсэг хугацаанд гадаслан үлдээхгүй бол гарж гүйчих гээд бас л зовлонтой хог байна шүү гэж эго чамдаа учирлан хэлэх юун. Одоо ч хамар амгүй ажлаар балбаж, нүх сүв бүрээр нь номны хуудас чихээд ирэхээр бүр чи минь цаашаагаа гүнзгий шургануу гэхээс хөвж гарч ирнэ ч гэдэг нэг хэсэгтээ л гонжийн жоо болох буй за.
ум маани бадми ЭГО сухаа

Monday, September 22, 2008

Гялс 3, 4 дахь нь үнэгүй.

Гялс уншихаар 3-н номыг гялс санал болгооч гэвэл доорх гурвыг гялс хэлж өгөх юм байна. Ингээд гялс 3-г жагсааваас:
1. Jonathan Livingston Seagull
2. Siddartha
3. Алтан загасны үлгэр

Эдгээр номыг уншихаар хувхайрсан царайнд гэрэл гийж, шархдсан зүрхнээс цус алдах нь багасна хэмээн хэн нэг нь хэлэх л байсан байхдаа. За тэгээд эдгээр гурван номыг бие засахдаа авч орж уншиж суугаад "хүү хаадаж" дуусахаасаа өмнө номнуудаа уншаад дуусчихвал дүүгээ дуудаж том өрөөнөөс Kahlil Gibran-ны "Prophet" гэсэн тун жижиг номыг авчруулж уншимж гэснээс нөгөө Гүүглийн Сергей ах маань блог нээсэн байжухой. Сергей блог (энд дар

Сая Стокхолмын ганц хоёр номын дэлгүүрээр хэсэж 4-н ном авч нилээд хэд хонох ёстой хоолны мөнгөнөөсөө гайгүй сайн гөвүүлсэн тул авчирсан мөнгөө бүгдийг нь авч гараагүйдээ тэрхэн зуураа баярлаж, гялгар уутанд хийсэн номоо үе үе имрэн хотын гудамжаар хотел руугаа алхав. За тэгээд сая 49-н чулуу татсан чинь Конфи хүү хүний нутгаас буцаж нисэхээс өмнө нэмж ганц ном авбал тэр нь "The power and the plenty" байх боловуу гэж, харин нэмж ганц юм авбал тэр нь "Absolute" байх боловуу гэж тус тус бууж байна. Энэ таамаг үнэн болвоос аавын хүү нутаг буцсан хойно уг тархи мину бага ч болтугай ухаан сууж, хэдэн эснүүд нь 40-н градусын халуунд муужран унах нээ. Нэрээ санснаас миний муу нутаг ч их халуун градустай нутаг шүү. Тиймээ хө?

Өнөөдөр авсан номнууд гэвэл:
1. Hariki Murakami and the Music of Words. Харику ахын Kafka on the Shore гэсэн номыг нь "сонсож" уншсанаас хойш энэ товаришийн номыг их сонирхдог болж, улмаар хэд хэдэн номыг нь богино өгүүлэлтэй нь авчихаад байгаа. Тиймээс намтарыг нь уншваас дараа нь бичсэн номыг нь уншихад арай харах өнцөг болоод мэдрэх үелзэл таарах боловуу гэсэн хальт бодлын гал ассан учир энэхүү номыг авсан болно.

2. The Audacity of Hope гэсэн Барак Обама ахынхаа бичсэн номыг нь авав. Цалин буухаар цадахад чинь 20 төгрөг хандивлана гэсэн бат итгэл төрсөн бөгөөд ямар "баагий"-д хандив өгч байгаагаа тархины угаас ойлгож, сэтгэл зүрх болоод хамрын үс, нүдний цөцгий зэрэг бүхий л эрхтэн, эрхтэнгийн эд анги бүрээр мэдрэх гэсэндээ авав. Тиймээ чи шүү Обама, цаад хүүхнүүдээ баракдаарай хөгшөөн! (Yeah go go Obama! Barack them all night yo!)

3. The undercover economist гэж Тим Харфордын бичсэн ном. Яс юман дээр блог-г нь хааяа харж, өгүүлэгийг нь хааяа уншдаг болохоор татганаж татганаж авав гэснээс гурван ном авахаар 1 үнэгүй гэсэн шүү. Тэгэхээр нь 4 дэхийг нь хусцан.

4. Love in the time of Cholera гэж нөгөө агуу Маркез-н ном ш дээ. Надад байгаа л даа, даанч ийм номыг барьж суувал илүү тачяадан уншин таашаал авах буй за гэж их багш Тансаг айлдлуу яалаа. Тэгээд л paperback-р уншсугай гэсэн шийдвэрийг жижиг тархины том нугалааснаас гялс сугалан гаргаж ирснээр уг номыг лангуунаас ховх татан өөрийн болгон эдэлсэн нь түүх энэ ажгуу гээд энэ түүх үгээр төгсөхгүйг төгсгөхөөсөө өмнөх төгсөлтөн дээр төгсгөлгүйгээр хэльюу.

Төгсөв.

Thursday, September 18, 2008

Утаа айсуй, юу бодож байна?


Монголын сайхан орон маань дөрвөн нарлаг улиралтай билээ. Ган болж дуусангууд галуу шувуу буцаж үерийн улиралтай хальт золгоод л шууд л утааны улирал эхэлдэг юм. Утааны улиралд угаартан угаартан унаж туссаар шинэ хуучин "шинэ" жилүүд өнгөрч, аргын бэлгийн тооллын онууд эхлэн одоо л нэг яргуй цэцэглэх нь дээ гээд сууж байтал шороон шуурга нь нүд амгүй балбаснаар шорооны улирал эхэлдэг билээ. Шуурсаар шуурсаар саарал царай гүнзгий саарал болж, арьсан дээр шинэ давхрага тогтохын алдад нэг муу нар гарч гангийн улирал эхлэн газар дэлхий, гандсан арьсыг нэг амраадаг жамтай. Тиймээ энэ бол өнөгийн дүр зураг биш гэжүү?

Утааны улирал
Өвлийн улирал утааны улирал болсоныг Монгол хүн бүгдээрээ биш юмаа гэхэд УБ-таа амьдарч байгаа аваргууд хэлүүлэлтгүй хамар ам, уушиг зүрх за тэгээд цаашилбал бөгс бөөрөөрөө мэдэрсэн нь илт. Тиймээс ч энэ газар шороонтой түр хугацаагаар биш удаан хугацаагаар амьдарлын жолоогоо нэгтгэх хүмүүс нь энэ талаар болж өгвөл л байнга зүрхээ цохилуулж тархиа гашилгах хэрэгтэй гэж мину бие бодож байна. Сая Экономист-с нэг өгүүлэл (энд байна) уншаад суужийхнаа, өгүүлэл маань энэ дэлхий дээр чинь юм хөгжиж, цаашлаад жинхэнэ үр нөлөө багатай амьдрах аргууд нээгдэж байгааг харуулсан байна. Байшингаа цонхлох цонх нь хүртэл хорт туяаг багасгаж, өрөөнүүд нь хоорондоо агаар алдах нөхцөл бага гээд үнэхээр дээд зэргээр тоноглогджээ. Манайхан чинь нэг байшин барьж байна гээд бижигхэн муурын байшингаа ёстой нэг нэвт шувт салхилмаар барьж дээврээ ний нуугүй хэлэхэд хар цаасаар бүрдэг билээ. Харин доторхыг нь засч байхдаа хүний биед хортой хоргүй гээд будаг шунхнаас авахуулаад буйдан муйдан тавьсан байдаг нь хэзээ хэнийг ч хордуулаад байгаа нь бүү мэд. За тэрийг ч тааж барамгүй юм гэхэд өвөл чинь ёстой л байнга нүүрсээр угжиж байхгүй л бол дулаанаа хадгалах тооцоогүй барьсан барилга чинь ханаараа, цонхоороо бас болж өгвөл дээврээрээ дулаан алдаж дотор нь амьд хүн биш, үхсэн хүн амьдармаар морги болно шүү дээ.
Цаашилбал тэгээд гэрэлтүүлэг орно. Монголд ч бас Compact fluorescents нилээд хэрэглээд байгаа ч гэсэн бүгд энд шилжиж чадаагүй л байна. Энэ төрлийн гэрлийн шил нь энгийн бидний мэдэх гэрлийн шилтэй харьцуулахад гурав дахин бага цахилгаан хэрэглэж ижил хэмжээний гэрлийг гаргадаг аж. (эндээс хар)

Ингээд ирэхээр чинь энэ өгүүлэл дээр гардаг байшин бол энерги зарцуулалтын хувиараа 100км-т 4 литр иддэг, харин бидний ихэнхийн суудаг гэр болон байшин нь 14 иддэг машин болж хувираад, нефть цахилгаан өсч байгаа өнөө үед ёстой зогсоо зайгүй биднийхээ хармааг сэгснэнэ шүү дээ. Ингээд зүгээр ч сэгсэрчихгүй, мөрөөрөө явжийсан хэдийгээ угаартуулж сэгсрээд байхаар чинь энд би шударга ёс энэ тэрээ гээд яриад яахав, явж явж бүгдээрээ л цагаасаа эрт умаахум болчих гээд байх юм.

Эцсийн эцэст энэ бүхэн төрийн бодлоготой нягт уялдаатай. Утааг хэрхэн дарах талаар төрийн зохистой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжүүлэх гэдэгтээ би шууд төрөөс оролцоод гэрүүдийг нураан шилжүүлээд, аль эсвэл нүүрс оруулахыг нь зогсоогоод бүр эсвэл "утаагүй" гэх хошгоруулсан нүүрс үйлдвэрлэх аль алийг нь би хэлээгүй. Тэгээд юуг хэлж байна вэ гэвэл хуулийн үүднээс нааштай болоод санхүүгийн үүднээс дэмжсэн - заавал татаасаар бус, харин татварын хөнгөн бодлогоор хангаж өгөхийг л би хэлэх гээд байгаа юм. Даанч эд нарын байж байгааг харвал ирээдүйн 4-н жилд бол хорт утааны багаа л сайн базаасан нь дээр харагднам. Тиймээс элдэвийн хөгжил хөтөлбөр энд ч яриад яахав дээ, ингэсгээд орхисон нь дээр юм шиг.

Wednesday, September 17, 2008

Эргэн орохуу болихуу... за за мансуурая.


Өмнөх бичлэгийг 6-н сард бичиж байсан санагдана, гэхдээ өчигдөр тавьсан юм. Одоо харахад өөрийнхөө залхуу чанарыг хэрхэн хогийг хивсэн доогуур нууцаар шүүрдэж хийдэг шиг нуух вэ гэсэндээ өнгөрснөө эргэн санасан юм шиг. Нөгөө талаас ерөөсөө ум хум гүйцэлдүүлж, өдөртөө ажил төрөл хичээл ном, бэлтгэл сургууль гээд хийж буй зүйлийнхээ талаар огт бодож амждаггүй байсан учраас одоо л өнгөрснөө харж дүгнэлт хийн, альваа алдаан дээрээ түшин босох ирээдүйн их ажлаа төлөвлөх нэгээхэн цаг хугацаа гарч ирсэн ч юм шиг. Зүйрлэвээс маратонд гүйгч гараанаас хурдтай гарснаас болоод сэтгэл санаа нь биеэ гүйцэхгүй байсан болохоор дунд нь амсхийн, сэтгэл санаагаа бага ч гэсэн хүлээсэн гэхүүдээ.
За аль нь ч байлаа гэсэн бүтэн жил өдрийн 7-н цагийн нойртой явсан нь гарцаагүй үнэн. Энэнээс илүү аз жаргал байдаг гэдэгт нэг хэсэг итгэж өгөхгүй явлаа шүү дээ. Тэр үед ямар ч байрлалд, хаана ч хэдийд ч унтахад бэлэн явдаг байж билээ. Арай л хичээлийн дундуур нойл явж тэр дотор нь орж бие засах зуураа зүйрмэглэдэггүй л байв. Гэхдээ тун дөхсөн шүү.

Одоо ингээд бодоод байхнээ ерөөсөө өнгөрсөн амьдрал биш харин ирээдүйд хийх ажлууд байнга боддогдог болчиж. Зайлуул өөрийгөө "хүчирхийлэх" цаг нь болсийм болуу даа. Хаана ч ямар ч байрлалд нам явах хуваарьтаа эргэн орохуу эсвэл болихуу? ххмммммм.

Доорх дуу бол бас л тасарцан дуу л даа. Нэг л цаанаа утгын уянгыг эгшиглүүлж, сэтгэлд зүрхэнд зогссон цагийг хөдөлгөөд байгаатай адил мэдрэмжийг төрүүлэх тул оюун бодолд "цаг хугацааг нэгэнт алдах тул утга учиртайгаар гарын салаагаар урсгаюу" гэсэн бодол орж, бие сэтгэл төвчигнөн, би бээр хэсэгтээ балайрах аж. Ийнхүү өөрийн бүтээсэн орчлон ертөнцөөс хэсэгтээ жингүйдэн салснаа гэнэт ухааран өөрийнхөө эрүүл бусыг эргэн гайхширч, практик гэсэн түмпэнтэй хүйтэн усанд төвчигнөсөн толгойгоо хэд хэд дүрж аван, оюун ухаанаа эрүүлжүүлнэ. Гэхдээ сэтгэл хөдлөл гээч хар тамхи байсан цагт үе үеийн жингүйдэл арилалгүй оршино гэдгийг Конфи миний бие эрх биш мэдээд байгаамаа. Харин энэ муу хар тамхийг зөв зүгт нь чиглүүлэх аваас хүрэх газраа "хүчиндэж" биш харин хүч хэрэглэлгүй өөрийгөө аваачина гэхээр нөгөө бензин дуусч, хамраараа газар шаасан эвгүй мөчүүдэд мотор маань энэ сайхан эдээр чинь ашигт үйлийн коефцент 100 хувьтай шааригдах юм шиг санагдаад байгаа юм. Учир иймд хужир тиймд, ер нь уг хар тамхийг татаж байваас зохистой. Алив наад дуугаа тоглуул, бага зэрэг жингүйдэнгээ сэтгэл хөдлөл гэгч тамхинд мансуурая.

Tuesday, September 16, 2008

Бодолд эргэлдсээр

Зуны халуу орж, хавар цаг дуусах болжээ. Сар гаруйн дараа миний Монголд ирсний 1 жилийн ой болох гэж байна. Жилийн хугацаанд би гэж этгээд нилээд өөрчлөгдөн, өөрчлөгдсөн "би"-н нүдээр өөрийгөө нэг харлаа. Ирсэн зорилго, хүссэн зүйлийн хойноос хөөн, хамаг анхаарлаа зөвхөн үүнд л хандуулснаас болж цаг хугацааг үнэхээр алдаж орхиж. Бүхэл бүтэн жил өнгөрсөн байна шүү дээ!!!
Зорьсон зорилгодоо хар нүх руу унаж буй мэт татагдан явахадаа өөрийгөө хэн гэдгээ мэдэхээ больж, яах гэж яваагаа ч энэ зуур мартах шахжээ. Урьдах ажилдаа улааран дайрах миний хүсэлийн хөлд бие гээч зүйл чирэгдэж ханиад томуу, хоолны хордлого тусангаа царай алдан хөгширсөөр. Урьдах ажил, түүний дараагаар ургах ажил гээд хийх ажил шороон түмэн бий. Гэтэл энэ бүхнийг зүгээр л "ЭР ХҮН" болох гэж хийж байгаамуу гэсэн нэгэн асуулт өнөөдөр миний толгойд ойж буун би гэж хүн лантуугаар цохиулсан мэт цочирдон, ухамсар маань ухаан алдан унахаа дөхөв.

Намайг коллеж-д байхад манай завьныхан бүгл л усан дээр хэн хурдан завьтайгаа явж чадна тэр л ёстой "ЭР ХҮН" мөн шүү гэсэн ойлголтыг үл-ухамсарын төвшинд авсан байсан. Бэлтгэл л биднийг усан дээр хурдан сэлүүрдэж чаддаг болгодог учраас бидний хувьд бэлтгэлээ таслана гэдэг нэг ёсны гэмт хэрэг байлаа. Хэрвээ чи халуураад өвчтэй орондоо хэвтэж байвал яаж ч байсан босоод ядаж бэлтгэл хийж байгаа багийнхаа хажууд харж суух "үүрэг" хүлээнэ. Халуунтай ч гэсэн, дотор эргэж бөөлжих гэж байсан ч гэсэн хамаг хувцсаа давхарлаж өмсөөд өрвийсөн юм цасан дундуур туучин явсаар бэлтгэлийн зааланд ирж завьны хэдэн нөхдийн өөрсдийгөө хэрхэн "тарчлаахыг" харахад бас ч гэж тайвширч халуун намддаг байв. Манайхан бүгд дээд цэгтээ хүртэл өөрсдийгөө хүчилж чаддаг байснуу гэвэл бас тийм биш юм шиг. Гэхдээ хажууд суун бэлтгэл хийж байгаа нөхрийн, өөрийн завин дахь сэлүүрчний итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй гэсэндээ чадах бүх хүчээ бэлтгэл болгон дээр гаргадаг байсан гэвэл тэр үнэн.

Тиймээ, бид байнга бэлтгэл хийж бусдаас илүү болох гэж, тэр хүний дээд хүн гэж байдаг бол өөрийн төсөөлөлд буй тэр хүний хажууд мөр зэрэгцэн зогсох гэж, ингэж чаддагүй юм гэхэд үүний төлөө бие махбодь сэтгэлээ санаагаа хуваалгүйгээр зориулах гэж ихэд хичээсэн. Бэлтгэл дээр ухаан алдаж унаагүйгээс биш, унах шахаж байсан өдрүүд цөөнгүй бий. Цусан дахь сүүний хүчлийн хэмжээ "дааж" чадах хэмжээнээс ихэсч, толгой эргэн бөөлжиж байсан гэвэл байсаан. Гэхдээ энэ бол "ЭР ХҮН"-ний шинж биш, харин ч бид ямар хөгийн дорой амьтад болохыг илтгэсэн нэг жишээ байдаг байв. Ингэж бэлтгэл хийснээр бид хөгийн дорой амьтад гэдгээ ухаарна. Ухаарах тусам ийм дорой, ядруу, жул амьтад байхыг үл хүснэ. Үл хүсэх тусам дахин бэлтгэл хийх энерги хаа нэгтэйгээс урган гардаг байв. Бэлтгэл болгоны дараа бид өнөөдөр ямар ч байсан өчигдрөөс дээр болжээ эсвэл өчигдөрөөс ямартай ч доогуур орсонгүй ээ гэсэн дүгнэлтэнд хүрч чадахгүй бол тэр бэлтгэлийг хий дэмий цагийн гарз гэж үздэг байлаа.

Хүнд бэлтгэлийн үеэр үнэхээр "болъёо" гэж орилмоор санагдаж, хий дэмий ингэж өөрсдийгөө зовоох хэрэг юусан билээ гэсэн бодол хүртэл орж ирнэ. Манай багийнхан бэлтгэл болгон дээр сайжирснаар хүсэн хүлээж байсан "ЭР ХҮН" болох байлгүй гэсэн хөдлөшгүй итгэл үнэмшилээр зүрх сэтгэлээ тэжээдэг тулдаа л хүнд бэлтгэлүүдийг ардаа орхисон юм шиг. Мэдээж энэ бүгдийг туулж чадаагүй олон найз нар минь байгаа. Тэднийг бид буруутгахгүй ээ. Харин сэтгэл санаа хүсэвч, бие минь дийлэхгүй хийсэн бэлтгэлийг "алдаг" өдрүүдэд өөрсдийгөө бид буруутгана. Бид юу ч байж болно, гэхдээ "дорой" л байж болохгүй гэсэн ганц зарчим дээр зогсдог байв. Даанч хүнд бэлтгэлийн үеэр зарчим байнга зөрчигдөнө... Энэ бүхнийг зөвхөн "ЭР ХҮН" болохын төлөө хийдэг байсан гэвэл бас худлаа ч юм шиг. Харин ч завиараа, багаараа бусдыг дагуулах жишээ болохын төлөө, нэг нэгнийхээ мөрөн дээр зогсоод оргил өөд авирахад нь авирч буй нэгнийгээ доош нь татахгүй гэсэндээ доор нь тулж буй нь шүд зуун тэсч, хамтдаа нэг зорилгын төлөө тэмүүлж өнгөрөөсөн гэвэл арай оновчтой мэт.

Өнөөдөр байдал өөр болсон. Бусдаас илүү гарч, усан дээр хамгийн хурдан болох гэсэн ганц зорилго маань хамгийн сүүлчийн тэмцээнтэй хамт дуусгавар болж, одоо ой санамжинд минь тоос даруулан хэвтэнэ. Гэхдээ л би бэлтгэл бэлтгэл гэж яарахгүй ч байнга яаран явна. Заримдаа ажил ажил гэсээр байгаад яг юунд ингэтлээ яарч, юу руу хүсэн тэмүүлээд байгаагаа мартана. Гэвч тэр ойлголт - зүрх сэтгэлээ тэжээдэг байсан тэр хоол, дорой хүчирхэг хоёрын хоорондын ялгаа, магадгүй энэ амьдарлын утга учир, сайн сайхан одоо болтол бодолд эргэлдсээр.