Энэ оны 9-н сарын 9-нд Америкийн нэрт дипломатч Хенри Киссенжер-н “World Order” буюу Монголоор “Дэлхийн Дэглэм” гээд ном гаргасныг миний бие авч уншлаа. Хэвлэлтээс гараад удаагүй байгаа ч гэсэн намайг Вашингтонд сая хоёр долоо хоноход тэнд ажиллаж байгаа хүмүүсийн дунд ихэд яригдаж эхэлсэн, цаг хүрээ нь зөвхөн гадаад бодлого боловсруулдаг хүмүүс гэлтгүй, олон нийтэд их сайн хүрч байх шиг санагдсан юм.
Зохиогч Х.Киссенжер өөрөө Вашингтон ДиСи-д “Center for Strategic Studies” дээр ирж яриа хүртэл өгч байсан. Мэдээж Х.Киссенжер бол олон улсад танигдсан мэргэжлийн дипломатч хүн, өмнө нь “Diplomacy”, “On China” гээд хэд хэдэн ном гаргасан, эдгээрийн зарим нь дипломатч хүний ширээний ном болж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болсон. Үүнээс гадна Х.Киссенжер АНУ-н Төрийн Департаментийн сайд зэрэг өндөр албан тушаал эрхэлж, АНУ-н бодлогыг боловсруулалтаас эхлээд хэрэгжүүлж дуусах бүх шатны процесст ямар нэг байдлаар ажиллаж, зааварлаж, боловсруулж, удирдаж ирсэн төрийн хүн. 1970-д онд Ерөнхийлөгч Никсоны тусгай элчээр ажиллаж, АНУ-БНХАУ-н харилцааг дахин сайжруулж өнөөгийн түвшинд гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гээд яривал түүний хийсэн гавьяа, бүтээсэн ажил дуусахгүй биз. Тэгвэл Х.Киссенжер энэ номон дээрээ яг юуг зорьж бичив гэдгийг өөрийн мунхаг оюундаа тунгааснаа та бүхэнтэй хуваалцая гэж бодлоо.
Зохиогч энэ номондоо өнөөгийн дэлхий дахинаа бүрдээд буй дэглэм юунаас үүдэлтэйг түүхийн өнцгөөс харж, тухайн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тайлбарлажээ. Энд дэглэм гэдгээр би юуг хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдрийн энх тайван мандан бадарсан (зарим хүмүүс тэгж бодохгүй байх, гэхдээ энд тэнд жижиг мөргөлдөөн гарч байгаа ч сүүлийн хэдэн зуун жилд байгаагүйгээр өнөөдөр энх тайван ноёлож байгаа) олон улсын энэ систем буюу дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө сууриа тавьж, хоёрдугаар дайны дараагаар дахин бэхжиж бүрэлдэн тогтсон одоогийн системийг хэлж байгаа юм. Аль нэг улс хүчирхэгжихээр хажуу бөөрөндөө байгаа улс руу “дуртай” өдрөө дайрч, хүссэнээ авчихдаг байсан үеээс өнөөг хүртэл замналыг Х.Киссенжер ах өөрийн бодол, гаргасан гаргалгаатайгаар тайлбарлаж, өнөөдрийн тогтоод буй дэглэмийн суурь шинж чанар болоод үүний давуу тал, сул талыг харуулахыг оролдсон байна. Мэдээж энэ бүхний голд АНУ-н үүрэг роль, алдаа дутагдал болон цаад шалтгааныг тэрээр өөрийн бодлоор, нуршилгүйгээр үгүйлсэн байна.
Гадаад бодлого судалж буй хэн боловч олон улсын харилцаанд хоёр ерөнхий чиг хандлага байдгийг мэдэх биз. Эхнийх бол бодит риалист геополитик буюу нь олон улсын харилцаа нь харилцаанд оржу буй улсуудын хүчний тэнцвэр дээр тогтдог гэж үздэг харин нөгөөх нь Вилсониан буюу олон улсын харилцаа нь нийтийн эрх ашгийг хамгаалсан, илүү хүний цаад мөн чанар сайн гэдэгт тулгуурласан, энх тайван нь зөвхөн хүчний тэнцвэр дээр биш, улс хоорондын ойлголцол, хүмүүсийн итгэлцэлд суурилж бүрдэж болно гэсэн ойголт байдаг. Эдгээр ойлголтын талаар илүү нарийн судлая гэвэл Х.Киссенжерийн бичсэн Diplomacy гэдэг ном нь хамаагүй сайн ойлголт өгнө. Харин “Дэлхийн Дэглэм” номны хувьд эдгээр ойлголтуудыг ашиглаж, орчин үед нийцүүлэн хүмүүст илүү ойр өнцгөөс харж, өнөөдрийн энэ дэлхийн дэглэмийн цаана ямар хүчний далд тоглолт оршиж байгааг харуулжээ.
Мөхөс миний хувьд номын хураангуйг энд бичих гэсэнгүй, харин энэ номыг хэн илүү сонирхвол бол, хэнд илүү хэрэг болж болох бол, бас энэ номыг уншихаас өмнө тавьж буй хүлээлт юу байх вэ гэдгийг өчүүхэн чадвартаа тулгуурлаж бичихийг зорисон болой. Нэг талаас өдөр тутмын амьдралаа болгох гээд өнөөдрийн хоол маргаашын талх гээд явж байгаа хүмүүст энэ ном ач холбогдлоор бага байх болов уу. Энэ номыг уншаад хувийн бизнестэй бол бизнесийн хүрээ тэлнэ гэж байхгүй, ажлынх нь бүтээмж өснө ч гэж бас байхгүй. Тэгэхээр энэ номыг илүү гадаад бодлого сонирхогчид, мөн дэлхий дахинаа энд тэнд мөргөлдөөн болоод байгаа хэрнээ яагаад мөргөлдөөн даамжирч дэлхийг хамарсан зөрчилдөөн үүсчихгүй байна, томоохон хэмжээний зөрчилдөөн үүсэхээр бол хаана ямар нөхцөлд үүсэх боломжтой бол, ирээдүйд манай хөрш улс дэлхийн тавцнаа гарахаар бол ямар шинж чанарыг нь бид ажиглах ёстойв, нөгөө талаас бид яаж бэлдэх боломжтой гэдэг асуултыг бага ч болов хариулахад дэм болохоор бичигджээ.
Уг номыг манай гадаад бодлого боловсруулагчид, улс төрийн удирдагчид, Монгол улсын бодлогыг чиглүүлж буй эрхэмүүд, даа ялангуяа дотоодын бодлогоо гадаад ерөнхий орчин нөхцөлтэй хэрхэн уях вэ, Монголчуудын хүсэл зоригийг төлөөлөхдөө ямар зарчимд тулгуурлавал манай үндэстэний оршин тогтнол бэхжих вэ, бид ямар үзэл баримтлалыг цуцашгүй дагавал бидний хойч үе маань илүү амар амгалан орчинд амьдрах бол гэдгийг шийдвэрлэж буй төрийн зүтгэлтэнгүүд үзвэл ач холбогдлоор өндөр байх болов уу гэж мунхагланам. Хүйтэн дайны үед ерөнхийлөгч Никсоны удирдлаган дор Хятадтай харилцаагаа сайжруулах бодлого нь АНУ-н хувьд хоёр коммунист улстай хоёулантай нь харилцаагаа сайжруулж, энэ хоёрын хоорондын харилцаанаас АНУ-н эдгээр хоёр улстай харилцах тус тусын харилцаа нь илүү байх юм бол АНУ-д ихээхэн хожилтой байна гэсэн дүгнэлт дээр хийсэн хүчний тэнцвэрийн тоглолтын нэг хэсэг байсныг энд өгүүлсэн. Үүнтэй агаар нэг бодож үзвэл Орос Хятад хоёрын хоорондын харилцааны түвшингээс илүү хэмжээнд Монгол улс маань энэхүү хоёр хөрштэйгээ харилцаагаа сайжруулж чадвал Монголд ч гэсэн маш том давуу талтай гэдэг нь ахмад дипломатчийн хувьд илэрхий юм байж болох ч гэсэн сонирхолтой гаргалгаа гарч байна. Энэ талаар цааш нь ургуулаад бодоод үзвэл бидний Монголчууд хөршийн харилцаагаар өндөрт хүргэж чадлаа гэхэд гурав дахь хөршийн(хөршүүдийн) бодлогоо энэ стратегитэй хэрхэн уялдуулж, манай улсын үндсэн зарчимд нэгээхэн тулгуур болсон гурав дахь хөршийн харилцааг яаж авч явбал зүгээр вэ гэсэн энгийн мэт боловч хэрэгжүүлэхэд яривагтай асуудлуудыг хүртэл хөндөхөд хүрнэ. Уг номыг унших зуур энэ мэт элдэвийн эргэцүүлэл орж ирэх нь уг номны танд өгөх өгөөжийг нэмэх болов уу.
За тэгээд Х.Киссенжер гуай номны сүүлийн хэсэгт АНУ-н гадаад бодлого, үйл ажиллагааны талаар өгүүлэхдээ АНУ-н үйлдлүүдийн цаад шалтгааныг өөрийн өнцгөөс тайлбарлаж, дэлхийн дэглэм оршин тогтнох нэгээхэн тулгуур бол АНУ-н оролцоо гэсэн гол ерөнхий санааг багтааж өгсөн. Мэдээж ийнхүү ойлгуулах нь тэр хүний хувийн амьдралын замналтай салшгүй холбоотой, нөгөөтэйгүүр АНУ-н эрх ашигтай яв цав нийцэж ч байгаа тул уншигч авхай энэ бүхнийг, АНУ-н үйлдэл тус бүр дээр сөргүүлэн тавьж буй шалтгаан бүртэй харьцуулан өөрийн дүгнэлтийг гаргах нь зүйд нийцнэ гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ.
“Юу хэлэх нь хамгийн чухал биш, юуг хэлээгүй нь хамгийн чухал юм” гэж нэгэн ухаантан хэлсэн байдаг. Тэгвэл эцэст нь гэж хэлэхэд та энэ номыг уншаад номонд юуг дурьдалгүй өнгөрчихөв, энэ бүхнийг илэрхийлэхдээ хувь хүний цаад итгэл үнэмшил юунд тулгуурлаж байв, ил тод бичээгүй ч гэсэн үг бүрийн цаана нуугдах давхар утга, өгүүлбэр дунд далдлагдах нуанс бүрийг гарган ойлгож чадах юм бол үнэхээр бахархууштай. Оюуны бяд муухан миний бие 10-н жилийн өмнө энэ номыг уншсан бол номны гол санааг орхигдуулж, цаад зорилгыг ойлголгүй өнгөрөх байсан юм уу гэж бодлоо. Одоо ч гэсэн олон зүйлийг орхигдуулсан гэдэгт огт эргэлзэхгүй байгаа учир удалгүй дахин нэг уншиж, цаад үг өгүүлбэр бүрийг дахин нэг самнана гэж бодож байна.
Өчүүхэн миний бясалгал үүгээр дуусч буй учир, энэ хүртэл уншсан танд талархахын зэрэгцээ цаг зав, хүч хөдөлмөрөө гарган байж шивсэн сэтгэгдэл маань миний бичгийн чадвар муугаас болж тэр чигээрээ хог дээр үсэрчих вийдээ гэсэн айдас агуулан байж, өгүүлэл маань танд энэ номны талаар бага ч атугай ойлголт өгсөн байгаасай гэж гүнээ сүсэглэн найдюу. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.